НДЕГ-аас “2020 оноос мөрдөгдөж эхэлсэн нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүдээс
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой
Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Шимтгэлийн хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42000 төгрөгөөр тооцож төлөхөөр хуульчилсан. Үүнд 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдана. Ингэснээр 34 мянган иргэн тэтгэвэр тогтоолгох тооцоо гарсан.
Нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ. Үүнд 150,6 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ 8 орчим хувиар нэмэгдэнэ.
Зарим иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмнэ
1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон юм. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа бөгөөд нийт 12.7 тэрбум төгрөг зарцуулна.
Тэтгэврийг дараалсан 7 жилийн дундаж цалингаас тогтооно
2020 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэдийн тэтгэврийг 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн юм. Хуулийн энэхүү зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.
Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор 1 жил 6 сар нэмж тооцно
Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1.6 сар нэмж тооцно.
Хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт тасрахгүй байх нөхцөл бүрдлээ
Эхчүүд хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацаанд нийгмийн даатгал нь тасрахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн хуулийн заалт хэрэгжиж эхэлнэ. Албан журмын даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогч, сайн дурын даатгуулагч эхийн шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас 50 хувийг өөрөө, бусад эхчүүдийн шимтгэлийн 50 хувийг төрөөс, үлдсэн хувийг нь өөрөө хариуцан төлөхөөр зохицуулсан.
Мөн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүртээ жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой болж байгаа. Өөрөөр хэлбэл өмнө нь 2 удаа л олгодог байсан бол одоо хүүхэд төрүүлэх бүрт нь олгох юм байна.