Нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо баярлан угтдаг уламжлалтай билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.
Энэ жилийн хувьд 2020 оныг угтах шинэ жилийн арга хэмжээг төв талбайдаа өргөн хүрээнд тэмдэглэж өнгөрүүллээ. Баярын цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд дэлхийн оддын дуулсан цаг үеийн дуу хуураар эхэлж, тусгайлан бэлдсэн дижи хөгжмөөр Монголын дижи холбооны шилдэг дижи нар өөрсдийн уран бүтээлийг хүргэв.
Дараа нь мөсөн талбайд УДЭТ-ын залуу уран бүтээлчид хүүхэлдэйн баг хувцас өмсөн тусгай үзүүлбэр үзүүлж, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд хүүхэлдэйн киноны хэсгүүдийг мюзикл хэлбэрээр олон нийтэд толилууллаа. Түүнчлэн арга хэмжээ нийтийн бүжгийн холбоотой хамтарсан “Хаан вальс” үзүүлбэр, 3D интро лазер шоу үзүүлбэрээр үргэлжилж, төв талбайд хүрэлцэн ирсэн иргэд, зочид төлөөлөгчдийн нүдийг баясгаж, дуу хуураар дүүрэн шинэ оноо баярлан угтсан юм.
Мөн “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнд рок попын одод, хип хоп хамтлагууд ая дуугаа өргөхөөс гадна “Улаан бүч” найрал дуучид, Төрийн шагналт Ж.Чулуун “Уран хас” вальс болон “Яг түүн шиг” шоуны хэсгээс үзэгч олон түмэнд хүргэсэн нь олны анхаарлыг татсан юм.
Цэнгүүний аюулгүй ажиллагааг хангаж нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар зэрэг олон байгууллага ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Он солигдох мөчид төв талбайд ёслолын буудлага буудаж, Нийслэлчүүд шинэ оныг угтан авлаа.