Улс төрийн тогтворгүй байдал үүсэх вий гэсэн анхааруулгатай Сонгуулийн хууль батлагдлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг баталлаа. 2008 оноос хойш УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө Сонгуулийн хуулиараа оролддог онцгүй жишгийг одоогийн парламент давтав. УИХ-аас байгуулсан ажлын хэсэг 50:26 гэсэн хувилбараар төсөл боловсруулсан санал болгосон боловч эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл дээрх хувилбарыг хүчээр тас цохиж, шал өөр хувилбарыг санал болгосон. Эрх баригчид энэ удаад сонгуулийн томсгосон мажоритар тогтолцоог тулгасныг УИХ хэдхэн өдрийн дотор шуурхай дэгээр хэлэлцэж хуульчлан баталгаажууллаа.

2020 оны УИХ-ын сонгуулийг 1992, 2008 онд хэрэглэсэнчлэн томсгосон мажоритар тогтолцоогоор явуулна. Энгийнээр хэлбэл тухайн аймаг бүхэлдээ нэг тойрог болох бөгөөд хүн амын тооноос хамаарч мандатын тоог 2020 оны 2-р сарын 1-нээс өмнө тогтооно. Нэг аймагт 3 мандат байлаа гэхэд сонгогчдоос хамгийн олон санал авсан эхний гурван хүн УИХ-д сонгогдоно гэсэн үг. Сонгогчид аль ч намын, эсхүл бие даасан нэр дэвшигчдээс 3 хүртэл хүнийг сонгон дугуйлж сонголтоо хийх боломжтой гэсэн үг.

Улстөрчдийн хооронд багагүй маргаан дэгдээсэн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шүүхээс тогтоогдсон бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэсэн заалт унаж боссоор эцсийн мөчид энэ хуульд бодитоор оров. Энэ заалт Үндсэн хуулийн цэц дээр очоод унах магадлал өндөр ч УИХ-ын гишүүдийн олонх нь хуульд заалт болгон оруулах нь зүйтэй гэж үзсэн юм. 2008 онд яг ийм маргаан Цэцэд хаяглагдан очиход сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байна гэж дүгнэсэн байдаг.

Энэ удаагийн хуулиар сонгуулийн сурталчилгааг 18 байсныг 22 хоног болгов, хувь хүний өгөх хандивын дээд хэмжээ 5, аж ахуй нэгжийнх 20 сая төгрөг байх, сонгуульд улс төрийн намууд эвсэл байгуулан оролцох боломжийг нээлээ. Түүнчлэн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 2-р сарын нэгнээс хязгаарлахаар, мөн энэ хугацаанд багтаж мандатын тоог хуваарилж дуусгах, гадаад улс оронд амьдран суугаа Монгол Улсын иргэдийн саналыг авахгүй, саналаа өгсөн сонгогчийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийхгүй байхаар тогтлоо.

Сонгогчдын саналыг тоолдог автомат машинаас татгалзъя гэдэг санал цөөнгүй гишүүнээс гарсан ч олонхын дэмжлэг авсангүй. Хуульд зааснаар шаардлагатай тохиолдолд нийт саналын 50 хүртэл хувьд гар тооллого хийж болохоор хуульчиллаа. Төрийн жинхэнэ албан хаагчид сонгуульд нэр дэвшихээр бол 2020 оны 1-р сарын 1-нээс өмнө ажлаа өгсөн байх шаардлага тавигдлаа.

Хэдийгээр Сонгуулийн тухай хуулийг шуурхай түргэн баталсан ч улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, хоёр дахь долдугаар сарын 1 болох вий гэсэн анхааруулгыг парламентын танхим дотроосоо ч, Төрийн ордны гаднаас ч улстөрчид өгснийг анхааралгүй орхиж боломгүй. 2008 онд сонгуулийн яг ийм тогтолцоог хэрэглэсний дараа 7-р сарын 1-ний гэх тодотголтой аймшигт явдал өрнөсөн байдаг.

Томсгосон мажоритар тогтолцооны үед нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг, сонгогчдын санал маш ихээр гээгддэг, эвсэл болж сонгуульдсан намууд хоорондоо хагарч бутардаг, албан тушаал хуваарилахад бие биедээ худалдагддаг гэх мэтээр сул талыг тоочиж болно. Мэдээж хэрэг хөгжлийн асуудлыг жижиг тойргийн хэмжээнд биш томоор нь харах талаасаа эерэг, сайн өөрчлөот авчрах боломжтой гэдгийг судлаачид хэлдэг. Юутай ч эрх баригчид Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийг шударч орхиод шинэ жилийн цэнгүүндээ орохоор гоёлын хослолоо өмсөн тал тал тийш мордоцгоолоо.

Б.ТҮВШИНТӨГС

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...