Албан тушаалтнууд давхар цалин авдаг байсныг АТГ-ын шалгалтаар тогтоолоо

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн байдал, үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа эсэх, хууль бусаар орлого олсон эсэх, хоёр буюу түүнээс дээш байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдлыг хянан шалгалаа.

Шалгалтаар нэр бүхий албан тушаалтнууд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан хязгаарлалт  болон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17-д “үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх” гэж заасныг зөрчиж, хуулийн этгээд аж ахуйн нэгж, байгууллагад давхар ажил эрхэлж цалин, урамшуулал авсан нь тогтоогдов.

Шалгалтын эхний ээлжинд дараах зөрчил илрээд байна. Үүнд:

  • Албан тушаалтан Б нь үндсэн ажлаас гадуур 960 мянган төгрөгийн урамшуулал хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл давхар төлүүлж байв.
  • Албан тушаалтан С нь үндсэн ажлын хажуугаар хуулийн этгээдийн нэрээр нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлүүлж байжээ.
  • Өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон албан тушаалтан Б-д 2014 оны 05 дугаар сараас эхлэн 2019 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлж байсан.
  • Албан тушаалтан Б нь үндсэн ажлаас гадна хувийн компаниас 9.4 сая төгрөгийн цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл давхар төлүүлж байв.
  • Албан тушаалтан М нь аж ахуйн нэгж болон төрийн өмчит үйлдвэрийн газраас нийт 11.2 сая төгрөгийн цалин, урамшуулал авч, нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлүүлсэн байна.

Түүнчлэн ажил, хөдөлмөр эрхлээгүй байхад ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, өндөр насны тэтгэврийг өндөр хэмжээгээр тогтоолгох үүднээс аж ахуйн нэгж, байгууллагаар худал мэдээлэл гаргуулсан, тэтгэврийг үндэслэлгүй тогтоолгосон зэрэг Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй нэр бүхий хуулийн этгээдийг шалгуулахаар харьяалах Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүллээ.

Хуульд зааснаар нийтийн албан тушаалтанд багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил эрхлэх, Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аяллын зэргээр  давхар ажил эрхэлж болно. Мөн ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг эрхэлж болохоор зохицуулж өгсөн.

Ийм атал төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүй холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, цаашид байгууллагын хэмжээнд үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх, энэ төрлийн зөрчлийг давтан гаргахгүй байх,  цалин олголт, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт болон санхүү бүртгэл хяналтын үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр АТГ-аас албан бичиг хүргүүллээ.

АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийг хянан шалгах ажлаа үргэлжлүүлж байна.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...