Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд үүссэн элсний хуримтлалаас дэгддэг цагаан тоос тухайн бүсэд амьдардаг иргэдэд хэрхэн нөлөөлж буйг тогтоох эрүүл мэндийн үзлэгийг тус үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр зохион байгуулж ирсэн юм.
Энэ удаагийн эрүүл мэндийн үзлэгийг Орхон аймаг, Баян-Өндөр сум, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Медипас” төв эмнэлэг, Эрүүл мэндийн газар, үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолбор зэрэг мэргэжлийн байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр эхлүүллээ. Медипас эмнэлэгтэй хоёр дахь жилдээ хамтарч буй эрүүл мэндийн үзлэгт энэ жил 488 иргэнийг хамруулахаар бүртгэжээ. Тэдний 326 нь цагаан тоосны дэгдэлтийн голомтын бүс буюу Говил, Баянцагаан, Жаргалант сумын зарим багийн иргэн бол 163 нь цагаан тоосны голомтын бус хяналтын бүсэд багтах Баян-Өндөр сумын 6 багийн иргэдийн төлөөлөл байгаа юм. Эрүүл мэндийн үзлэгт голомтын бүсээс гадна голомтын бус хяналтын бүсийн иргэдийг хамруулж байгаа нь харьцуулалтын дүн шинжилгээ хийж, цагаан тоосны сөрөг нөлөөллийг бодитой тогтоох зорилготой гэж мэргэжлийн багийнхан ярьж байна.
Цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлын нийт 90 орчим сая төгрөгийн зардлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний төсвөөс гаргажээ. Харин үзлэгт хамрагдах иргэдийн бүртгэлийг Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газар өөрийн багуудаар дамжуулан зохион байгуулж, Медипас эмнэлэг үзлэг, шинжилгээг хариуцаж байна. Өдөрт 30 иргэнийг хүлээн авах бөгөөд иргэн бүрт 184 430 төгрөгийн өртөг бүхий эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийх юм. “Энэ жилийн үзлэгээр лабораторийн болон үйл оношийн шинжилгээ хийхийн зэрэгцээ зүрхний хэт авиа, уушгины томографи зэрэг зарим нарийн шинжилгээ, оношилгоог нэмэлтээр хийнэ. Мөн эрүүл мэндийн даатгалын багц үзлэгт давхар хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, дээрх үзлэгт хамрагдаж буй иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг бол эрүүл мэндийн сангаас санхүүжиж байгаа багц үзлэгийн үйлчилгээг авах боломж нээгдсэн” гэж Медипас эмнэлгийн амбулаторийн тасгийн эрхлэгч Т.Амгаланбаяр эрүүл мэндийн үзлэгийн ач холбогдлын талаар онцоллоо.