УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж даваа гарагт Засгийн газрын гишүүнтэй хариуцлага тооцох тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ярихдаа “Ч.Улаан сайдыг огцруулах хангалттай шалтгаан байна. Малчдын малаа борлуулдаг үнэ энэ есдүгээр сараас их хэмжээгээр унасан. Дунджаар нэг хонийг 125 мянган төгрөгөөр борлуулдаг байсан бол 100 мянга болсон. Нэг адуунд 200 мянган төгрөгийн үнэ унасан тохиолдол гарсан нь малчдын амьжиргаанд хүндээр тусаж байна.
Энэ уналт ХХААХҮ-ийн яамнаас махны экспортод квот олгодог болсноос бий болсон. Хятад голдуу эзэнтэй арав гаруй компанид махны экспортын квот олгодог. Эдгээр компаниуд нь 100 гаруй махны компаниас махыг нь гаргахдаа кг тутмаас найман юань буюу 3000 төгрөгийн төлбөр авч гаргаж байна. Энэ квотныхоо авлигын мөнгийг бусад компаниас авч буйтай агаар нэг. Гэхдээ махны компаниуд нь тухайн зөвшөөрөлтэй компанид төлсөн авлигынхаа мөнгийг малчдын малын үнийг буулгах замаар нөхөж авч байгаа. Тийм учраас малын үнэ маш буурсан байна. Тухайлбал, Төлөг 100 мянга байсан бол 80 мянга болсон байна. Эм хонь 120 мянган төгрөг байсан бол 90 мянган төгрөг болсон байна. Эр хонь 160 мянгаас 130 мянган төгрөг болсон байна.
Махны экспортыг квотын асуудлаар боомилох үйл ажиллагаа нь компаниудыг санхүүгийн чадамжгүй, эргэлтийн хөрөнгөгүй болгож байна. Банкны төлбөр зээлийн хүү гээд маш олон хүнд байдал үйлдвэрлэгч компаниудад үүсч байна. Үүнийг мэдсээр байгаа олон улстөрч байгаа ч харамсалтай нь нэг нам гэдэг шалтгаанаар нэгэндээ хариуцлага тооцохгүй байна. Тийм учраас хуулийн төсөл өргөн барих замаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах асуудлыг өргөн барилаа” гэсэн юм.
Ч.Улааныг ЖДҮ-ийн зээлийг будлиулсан Б.Батзоригийн оронд сайдаар томилохдоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг зүйлийг онцгойлон анхааруулсан. Махны үнийн хөөрөгдлийг таслан зогсоож, зохион байгуулалттай ажиллагаа явуулдаг хэсэг бүлэг хүний хууль бус үйлдэлтэй тэмцэх ажлыг хар толгойгоороо хариуц хэмээн үүрэгдсэн. Харин өнөөдөр малын үнэ унаж, махны үнэ өссөн гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэллээ.
Одоогоос нэлээн хэдэн сарын өмнө иргэний нийгмийн зарим байгууллага Ч.Улаанд хариуцлага тооцох шаардлага тавьж байсан удаатай. Шаардах бичигт “Ч.Улаан сайд Сангийн сайдаар дөрвөн удаа, Шадар сайдаар нэг удаа ажиллаж байсан. Одоо ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байгаа. Гэсэн ч өөрийн албан тушаалыг ар гэрийнхэндээ ашигтай байдлаар урвуулан ашиглаж байна. Ч.Улаан сайд эхнэрийнхээ төрсөн дүү О.Даваасүрэнгийн БНХАУ-ын иргэнтэй хамтран байгуулсан “Бээжин интосикэйшн интернэйшнл” компанид бог мал хөлөөр нь экспортлох давуу эрх олгосон. Мөн таны эхнэр таван жилийн өмнө өөрийн Сүүн уул ХХК-ын нэр дээр олон тооны тендер авч байсан. Малыг амьдаар нь экспортлох шийдвэр нь монголчуудын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Тиймээс өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байна. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно” гэсэн байв.
Юутай ч Төрийн ордон дотроос ч, гаднаас ч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулахыг шаардах боллоо. Насаараа шахуу сайд хийсэн түүн рүү хятадуудад үйлчиллээ, хадам дүүдээ давуу эрх олгосон, үндэсний компаниудаа ад шоо үздэг гэсэн шүүмжлэлүүд чиглэж байна.