Монгол Улс түймэрт өртсөн Австралид 45 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Засгийн газрын хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа

Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас  санхүүжүүлэх юм.

Хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлэх бөгөөд халуун усны болон ахуйн үйлчилгээний цэг, ажиллах хүчний тоо нэмэгдэнэ. Тухайлбал 2018 онд 9019 байсан халуун усны төв, ахуйн үйлчилгээний цэг, салбарын тоо 2024 он гэхэд 10 мянгад хүрэх юм байна. Энэ салбарт ажиллаж байгаа 22 мянган хүний тоо 2024 онд 32 мянга болж өсөх юм. Хөтөлбөрийн хүрээнд явуулын ахуйн үйлчилгээнд сум, дүүргийн иргэдийг хамруулж, энэ салбарын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхээр төлөвлөжээ.

2018 оны байдлаар ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9000 гаруй аж ахуйн нэгж, иргэн бүртгэгдсэн байна. Эдгээрийн 8.2 хувь нь нийтийн халуун ус, 25.2 хувь нь үсчин, гоо сайхан, 20.2 хувь нь хувцас захиалга, засвар, 7.1 хувь нь гэрэл зураг, 1.5 хувь нь хими цэвэрлэгээ, 3.0 хувь нь электрон, цахилгаан хэрэгсэл засвар, 9.2 хувь нь гутал захиалга, засвар, 11.6 хувь нь гэр ахуйн модон эдлэл, захиалга, засвар, 2.2 хувь нь алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, 11.9 хувь нь бусад чиглэлээр ажилладаг гэсэн судалгаа гарчээ.

Товч мэдээ

–  Гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд 2017-2018 онд олгоогүй болон 2019 онд дутагдаж байгаа хөрөнгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны зардлаас санхүүжүүлэхийг сайд Н.Цэрэнбатад даалгав.

–  Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 2020 оны 01 дүгээр сарын 09-16-ны өдөр орон даяар зэрэг явуулахаар болов. Тооллогын бэлтгэлээ бүрэн хангахыг аймаг, нийслэл, дүүргийн Тооллогын комиссын дарга, Засаг дарга нарт үүрэг болголоо. Тооллогыг 10 жил тутам явуулдаг юм.

–  Дорнод аймгийн Халх гол сумын шинэ төвийн төсвийн байгууллагуудын тохижилт, сумын Ахмадын хорооны ажлыг дэмжихэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. “Шинэ сум” төслийн хүрээнд тус суманд Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн суудалтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэргийг барьж ашиглалтад оруулаад байна.

–  Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарсны улмаас зургаан хүний амь нас үрэгдэж, эд материалын их хэмжээний хохирол учраад байна. Үүнтэй холбогдуулан 45 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов. Тус улсад Монгол Улсын 7000 гаруй иргэн сурч, амьдардаг бөгөөд ихэнх нь Шинэ Өмнөд Уэльс мужид байдаг юм. Монгол иргэд 4000 гаруй австрали долларын хандив цуглуулж Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан өгөхөөр болжээ.

–  БНАСАУ-ын Пёньян хотноо Монголын үлэг гүрвэлийн олдвороор тусгай үзэсгэлэн гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Үзэсгэлэнд 16 багц олдворыг толилуулах бөгөөд үүний нэг багц нь /Завролоф үлэг гүрвэлийн хэлхээ яс/ нь түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад орсон байна. Мөн “Ноцолдож байгаа хоёр үлэг гүрвэл”, “Эвэрт үлэг гүрвэлийн үүрэндээ байгаа 15 зулзага” олдворын хуулбар болон бусад эх олдворыг дэлгэн үзүүлэх юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...