Өнөөдөр хуралдсан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн төсөл, нийслэлийн өмч хувьчлалын 2019 оны оны ажлын үр дүн, 2020 онд хувьчлах эд хөрөнгийн тухай, нийслэлийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслүүдийг хэлэлцлээ.
Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү танилцуулав. Монгол Улсын Их Хурлаас нийслэлийн 2020 оны суурь орлого, зарлагыг дараах байдлаар тооцож улсын төсөвт төвлөрүүлэн шилжүүлэх санхүүжилтийг баталсан байна. Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталжээ. Мөн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд батлагдсан түвшнээс 770.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж 27.3 тэрбум төгрөг байхаар, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил хамгаалал, газрын харилцааны салбарын нийт үйл ажиллагааны зардлыг 2019 оныхоос 96 тэрбум төргөөр нэмэгдүүлж, 494 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг 9 дүүргийн 400 гаруй иргэдийн оролцоотойгоор энэ сарын 18-ны өдөр зохион байгуулж тэдний санал хүсэлтийг авсан. Иргэдийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, ногоон байгууламж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, авто замыг засах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, ЕБС, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны хороолол дунд авто зогсоол нэмж байгуулах, гэр хорооллын цахилгаан хангамж болоод нийтийн эзэмшлийн орон сууцны цахилгаан, гадна дулаалгыг сайжруулах гэх зэрэг саналуудыг тавьсан. Дээрх хүсэлтийн дагуу нийслэлийн санхүү төсвийн боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан төсөвт тусгасан” хэмээн танилцуулсан юм.
2020 оны нийслэлийн төсвийн төсөлтэй холбогдуулан нийслэлийн Татварын газрын дарга Г.Энхжаргал зөвлөлийн гишүүдэд татварын тайлан мэдээллийг хүргэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Энэ онд хэд хэдэн шинэ зам ашиглалтад орсон. Замын арчилгаа тордолгоог илүү сайжруулах шаарлагатай байна. Мөн нийслэлийн Татварын газар, Газар зохион байгуулалтын алба орлого бүрдүүлэх тал дээр хамтын ажиллагаагаа сайжруулан, ард иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр нэг байгууллага шиг ажилла” хэмээн үүрэг өгөв.
Нийслэлийн Татварын газрын дарга Г.Энхжаргал “Нийслэлийн есөн дүүрэгт орон тооны бус татварын байцаагчдыг ажиллуулдаг байсан. Одоо энэ асуудал санхүүжилттэй холбоотойгоор зогсонги байдалтай байна. Цаашид орлого бүрдүүлэхийн тулд орон тооны бус татварын байцаагчдыг томилон ажиллуулах шаардлагатай байна, энэ тал дээр анхаарч өгнө үү” гэсэн саналыг хэлсэн юм.
Тийнхүү нийслэлийн 2020 оны төсвийн төслийг зөвлөлийн гишүүд дэмжлээ.