“Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн хоёрдугаар чуулган Ховд аймагт боллоо. Төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт татах, Ховд аймаг болон баруун бүсийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий төслүүдийг нээлттэй танилцуулах зорилготой чуулганд 200 гаруй төлөөлөгч оролцов. Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганы цар хүрээ өдрөөс өдөрт тэлж, энэ удаагийн чуулганд ОХУ-ын Алтайн хязгаарын зочид, БНХАУ-ын Аньхуй мужийн болон Шинжаан уйгурын өөртөө засах орны Алтай аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Цонж мужийнхан оролцлоо. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилсан “Шинэ Ховд” төсөл бол хөгжлийн алсын хараатай, ганц Ховд аймаг гэлтгүй алслагдсан баруун бүс нутгийг үсрэнгүй хөгжилд хүргэх чухал зорилт хэмээн чуулганд оролцогчид тодорхойлсон юм.
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Шинэ Ховд” төслийн хүрээнд 2030 он хүртэл нийт 69 төсөл хэрэгжүүлэхээр боловсруулан. Үүнээс Эрдэнэбүрэний усан цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр гэх мэт 4-5 том төслийн хэрэгжүүлэгч нь тодорхой болсон, үлдсэн 60 гаруй төсөлд оролцох, хөрөнгө оруулах боломж нээлттэй байгаа. Ховд аймаг 1300 км хатуу хучилттай замтай, ОХУ, БНХАУ-тай дөрвөн цаг машинаар яваад хүрэх засмал замаар холбогдсон. Евроазийг холбосон олон улсын замын сүлжээг бий болгож чадсан. Ховд аймгаас 1000 км-ийн радиуст 20 сая хүн амьдарч байна. Энэ бол бизнесийн өргөн боломж юм.
Ховдоос нийслэл рүү шилжих хөдөлгөөн зогссон, харин эсрэгээрээ хөрш аймгуудаас хүмүүс шилжин ирж суурьших боллоо. Уламжлалт мал аж ахуй, тариалан, үйлчилгээний салбараас гадна аялал жуулчлал, эрчим хүч үйлдвэрлэл, агаарын тээврийн салбартаа онцгой анхаарч, бүс нутгийн хөгжилд томоохон өөрлөлт авчрах төслүүд бодитоор хэрэгжинэ. Ховд аймгийн нисэх буудлыг олон улсынх болгосноор ОХУ, Казахстан, Турк, БНХАУ руу шууд нисэх, шууд нислэг хүлээн авдаг болж зорчигч урсгал нэмэгдэх болно. Бид ухдаг биш ургуулдаг хөгжлийн бодлоготой аймаг болох амбицтай” хэмээн ярилаа.
Энэ удаагийн чуулганаар дараахь төслүүдийг онцлон танилцуулав.
–Эрдэнэбүрэн сумын нутаг Шижигтийн хавцалд баригдах 90МВт-ын УЦС-ын төсөл
-Ховд аймгийн БСШУ-ны салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах бодлого, төлөвлөлт
-Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл
-Ховд нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Олон улсын нисэх онгоцны буудал болгох төсөл
-Шинэ Ховд Эко, Этно аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл
-Ховд Эко цементийн үйлдвэрийн төсөл
-ХАА-н Агро парк байгуулах төсөл
-Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн төслийн явц
-Шинэ Ховд, үйлдвэр технологийн парк төсөл
-Хашаандаа сайхан амьдарцгаая төсөл
-Өрхийн болон Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих “ҮЙЛДВЭРЛЭГЧ ХОВД” хөтөлбөр
-Аймаг сумын төвийн бүсчилсэн, ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр
-Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөрөнгө оруулалтын талаар тус тус хэлэлцэж бизнес санаагаа хуваалцлаа.
Эдгээр төсөл, хөтөлбөрийн үр дүнд 60 гаруй үйлдвэр шинээр байгуулах боломжтой ажээ. “Шинэ Ховд” төслийг хэрэгжүүлснээр шинээр 3000 ажлын байр бий болж Ховд аймгийн ДНБ-ий хэмжээ 800 гаруй тэрбум төгрөгт хүрч одоогийнхоос 2 дахин нэмэгдэх тооцоо гарчээ. Аж ахуйн нэгж байгууллагууд эдгээр төсөлд оролцож, хөрөнгө оруулалт хийвэл 10 дахин бага татвар төлөх бодит боломж байгааг УИХ-ын гишүүн С.Бямбацогт онцолж байв.
Эрдэнэбүрэний УЦС ашиглалтад ороход Орос, Хятадаас киловаттыг нт 275 төгрөгөөр авдаг эрчим хүчний үнэ 40 төгрөг болж хямдарна. Энэ станц чадлынхаа тал хувиар баруун 5 аймгийн хямд эрчим хүчээр бүрэн хангаад илүү гарснаа Улаанбаатар руу нийлүүлэх юм. Ховд аймагт байгуулахаар ажлаа эхэлсэн цементийн үйлдвэр мөн л баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай бөгөөд Улаанбаатарынхтай ижил үнээр борлуулна. Цемент хямдарснаар Ховдод болон баруун таван аймагт орон сууцны талбайн үнэ 40 хүртэл хувиар хямдрах боломж бүрдэнэ.
Баруун аймгийнхан алслагдсан байршлаасаа болоод Улаанбаатарынхаас литр тутамд 400-500 төгрөгөөр илүү үнэтэй шатахуун хэрэглэдэг. Жилд 50 мянган тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг бариад ашиглалтад орсны дараа шатахуунаа Улаанбаатарынхтай адилхан үнээр авах боломж бүрдэх бөгөөд баруун гурван аймгийн хэрэгцээг хангачихна. Олон жил үнийн өсөлтөд дарлуулсан баруун аймгийнхан эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлбэл том дарамтаас салж, орлого бодитоор нэмэгдэж дундаж давхарга жинхэнэ утгаараа бий болох боломжтой. Товчхондоо бол “Шинэ Ховд” төслийг баруун бүсийн аймгуудын үсрэнгүй хөгжлийн гол жор гэж хэлж болно.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Шинэ Ховд” төслийг хэрэгжүүлэхийн тулд хүний нөөцөө бэлдэх, боловсролын тогтолцоогоо боловсронгуй болгох шаардлагатайг хэлж байлаа. Тэрбээр Ховд аймагт Кембрижийн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах, Хөгжим бүжгийн консерваторын салбарыг аймагтаа байгуулах, биеийн тамир спортын төрөлжсөн сургалттай дунд сургууль үүсгэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж, манлайлан оролцоно гэдгээ илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Өнгөрсөн жилийн өдийд хэрэгжүүлэхээр ярьж байсан төслүүдийн дийлэнх нь бодит ажил болжээ. Цаасан дээрх санаа бодит ажил болж чадсан нь чуулганы ач холбогдлыг харуулж байна. УИХ-аас саяхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Оруулсан өөрчлөлтөөр хөгжлийн аливаа бодлого тогтвортой, залгамж чанартай байна гэсэн заалт орсон. Өмнөх Засгийн газрынхаа хийж байсан ажлыг дараагийнх нь үгүйсгэдэг, гацаадаг, зогсоодог байдлыг хориглосон гэсэн үг. Хэрэв хөгжлийн бодлогыг зогсоовол Үндсэн хууль зөрчсөн асуудалд орно.
Тийм учраас “Шинэ Ховд” төслийг хэрэгжүүлэх, Ховд болон баруун бүс нутгийн аймгуудыг хөгжүүлэх үйлсэд хувийн хэвшлийнхэн идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна. Орон нутагт ажил хариуцаж байгаа албан тушаалтнууд иргэддээ мэдээлэл сайн хүргэж, хувийн хэвшлийнхэндээ бүх талаар тусалж ажиллах шаардлагатай. Төслийн үр шимийг бүс нутгаараа хүртэх учраас алгуурлах эрх бидэнд байхгүй” хэмээлээ.
Чуулганы үеэр Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг хангах төсөл хөтөлбөрийг 16 суманд 2025 он хүртэл хэрэгжүүлэх гэрээнд талууд гарын үсэг зурав.
Б.ТҮВШИНТӨГС
Төр хувийн хэвшил гэдгээ больчих, Энэ нөхөр болох Бямбацогтын л New progress гэх толгой компанитай 10 хэдэн компани бидний татварын мөнгөөр тоглоно доо, хулгайчууд