Авлига, санхүүгийн луйвартай тэмцэх асуудлаар уулзалт хэлэлцлээ 

АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац (МСК)-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай тэмцэх асуудал хариуцсан Ахлах захирал Кристофер П.Уильямс 2019 оны 11 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллах гэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Компакт гэрээний хэрэгжилтийг хариуцсан Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) болон МСК-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран 2019 оны 11 дүгээр сарын 18-ны Даваа гаригт ил тод байдал, сайн засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар авлига, хээл хахууль, санхүүгийн луйврын эсрэг АНУ-ын Засгийн газар болон МСК-ын баримталдаг суурь зарчмууд, улмаар тэдгээр зарчим нь МСК болон Монголын МСС-ийн үйл ажиллагаанд бодитоор хэрхэн тусгалаа олсон байдаг талаар танилцуулж, авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай үр дүнтэй тэмцэх, сэргийлэх, таслан зогсоох асуудлаар төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхний дуу хоолойг сонсч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески, АНУ-ын МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай тэмцэх асуудал хариуцсан Ахлах захирал Кристофер П.Уильямс, МСК-ын Монгол Улс дахь Суурин захирал Алекс Рассин, Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос болон Авлигатай Тэмцэх Газрын төлөөлөл, түүнчлэн ил тод байдал, сайн засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Зориг сан, Транспарэнси Интернэшнл, Глоб Интернэшнл, Нээлттэй нийгэм хүрээлэн, Ил тод байдал сан тэргүүтэй төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески МСК хөгжлийн тусламж үзүүлэх хамтын ажиллагааг шинэ хэлбэрээр явуулж буйг онцлоод, гол нь хэрэгжүүлэх гэрээ төсөл нь үр дүнд суурилсан, тухайн орны иргэд өөрсдөө эзний ёсоор хандах учиртайг тэмдэглэсэн юм. Мөн сургалтыг зохион байгуулахаар манай улсад хүрэлцэн ирсэн АНУ-ын МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай тэмцэх асуудал хариуцсан ахлах захирал Кристофер П.Уильямс, “Аливаа гэрээг хэрэгжүүлэхэд юуны өмнө авлига, хээл хахууль, санхүүгийн луйврын эсрэг баримталдаг зарчим, журам аргачлалын гол үндсэн шаардлага нь гэрээний үйл ажиллагаа ил тод байж, сайн засаглалын зарчим үйлчилж байх ёстой” гэв. Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос МСК-ын хөрөнгө оруулалтыг зөв зүйтэй, авилга хээл хахуулиас ангид зарцуулахад хэвлэл мэдээлэл болоод иргэний нийгмийн байгууллагын оролцоо,  анхаарал чухал гэдгийг онцоллоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...