Удтал дуншиж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг цааш хэвийн үргэлжлж, батлагдах эсэх нь зөвшилцлийн ажлын хэсгээс шалтгаална. Хамгийн сүүлд УИХ дахь АН-ын зөвлөлөөс Сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуулиар баталгаажуулах, Ерөнхийлөгчийг УИХ дотроос сонгодог болох, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх гэсэн парламентын засаглалыг төгөлдөржүүлэхэд чиглэсэн саналаа хүргүүлээд байгаа. Эдгээр гурван саналаас эрх баригчид Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байхыг хамгийн түрүүнд хүлээн авсан юм.
Эрх баригч МАН-ын УИХ дахь бүлэг сонгуулийн тогтолцоо ямар байх талаар нэлээн нухацтай ярилцсаны үндсэн дээр Холимог тогтолцоог 2024 оны сонгуулиас хэрэглэж эхэлье гэдэг дээр санал нэгджээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн хоимог тогтолцоог Үндсэн хуулиар баталгаажуулж, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар мөрдөж эхэлнэ гэсэн үг. Энэ саналыг УИХ дахь МАН-ын бүлэг хүлээн авсан гэдгийг Д.Тогтохсүрэн дарга хэллээ.
Харин гурав дахь санал буюу Ерөнхийлөгчийг УИХ дотроос сонгодог болох дээр МАН нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байгаа юм байна. Зөвшилцөл цааш үргэлжлэх бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3-р хэлэлцүүлгийг энэ 7 хоногт хийхээр төлөвлөжээ. УИХ яг энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийг батлах гээд нэлээн ачаалалтай ажиллах шаардлага үүслээ. УИХ дахь цөөнх асуудлыг овооролдуулж байгаад дундуур нь хулгайгаа гүйлгэх вий гэж болгоомжилж байгаагаа нуугаагүй.
УИХ-ын гишүүд өнгөрсөн зунаас хойш тойргоо “услаад” байсны учир одоо олон нийтэд ил болж ээлжит сонгууль жижиг можаритор тогтолцоогоор явах нь тодорхой болж байна. Жижиг тойрогт нэр дэвшигчид хөгжлийн хөтөлбөр гэхээсээ мөнгөнийхөө хэмжээгээр өрсөлддөг сул талтай. Хэн нь жалга довондоо илүү танигдсан, аль нэр дэвшигч мөнгийг нүнжигтэй цацсан зэрэг үзүүлэлтээр сонгуулийн үр дүн тодордог муу хувилбар.
Сонгогчдын санал хамгийн ихээр үнэгүйддэг, гээгддэг сонгуулийн энэ тогтолцоог 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар дахин хэрэглэхээр болж байгаа нь анх удаа сонгогдоод дахин улирах хүсэлтэй шинэ улстөрчдийн лобби гэдгийг шууд хэлэх ёстой. “Ногоон”-оороо парламентад орж ирсэн тэдэнд УИХ-ын танхимд дахин дөрвөн жил сууж улстөрчийн дамжаагаа дүүргэх, ЖДҮ-гээс авсан хулгайгаа далдлах гэх мэтийн хорон хүсэл шунал нь ид буцалж байгааг гайхах хэрэггүй биз ээ.
Б.ТҮВШИНТӨГС