Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлд хэрэгжиж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүгнэлтийг нийслэлийн Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
“Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинээр батлан хэрэгжүүлэхээр туссан 24 дэд хөтөлбөрөөс зургаан хөтөлбөр батлагдаагүй байна. “Ухаалаг Улаанбаатар”, “Авилгын эсрэг” нийслэлийн хөтөлбөр, “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”хөтөлбөр, “Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах” дэд хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр баталсан. Мөн нутгийн захиргааны байгууллагуудаас “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах, “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрүүдийг санаачлан шинээр батлуулсан” хэмээн нийслэлийн Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд 2019 оны байдлаар НИТХ-ын тогтоолоор батлагдсан нийт 30 дэд хөтөлбөр хэрэгжиж байна. Хэрэгжиж байгаа 30 дэд хөтөлбөрийн 162 зорилтын 890 арга хэмжээний хэрэгжилтийг нийслэлийн нутгийн захиргааны 26 байгууллага хангаж ажилласан байна. Нийслэлийн Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу шинээр боловсруулан хэрэгжүүлэх 17 дэд хөтөлбөр, нутгийн захиргааны байгууллагуудаас санаачлан хэрэгжүүлэх хоёр дэд хөтөлбөрийг баталсан байна.
Дэд хөтөлбөрийн хэрэгжилтэнд нэгдсэн дүгнэлт хийхэд хэрэгжүүлэгч байгууллагууд өөрсдийн боловсруулж батлуулсан дэд хөтөлбөрийн талаар байгууллага дотооддоо мэдээлэл солилцох байдал хангалтгүй, батлагдсан дэд хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ нь үндсэн зорилгыг бүрэн хангахаар чиглэгдээгүй, хөтөлбөрийн тайлан дүгнэлтийг дутуу боловсруулсан зэрэг үзүүлэлтүүд ажиглагдсан. Тиймээс хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр туссан арга хэмжээг үйл ажиллагааны хэрэгжилтээр үнэлгээ өгч дүгнэсэн. Цаашид батлагдсан дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх байгууллагууд үр дүнд хүрч ажиллах ёстой” хэмээн хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт хангалтгүй байна. Үр дүн мэдрэгдэхүйц тоо баримттай хэрэгжих ёстой. Хэрэгжилтийн үр дүнд тулгуурлаж цаашид хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг батална. Тиймээс хөтөлбөрүүдийн үр дүнг нэгтгэж, цаашид хэрэгжүүлэх боломжгүй үр дүнгүй хөтөлбөрүүдийн төсөв хөрөнгийг татаж ав. Нийгэмд хэрэгтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж санаачилгатай ажиллах хэрэгтэй” хэмээн холбогдох албаныханд үүрэг өглөө.