Эмгэнэхдээ хүртэл хонзогнох юмуу, Ерөнхийлөгч өө

Нийслэлд хүндхэн өдрүүд үргэлжилж байна. Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнд түлэхийг хориглосон Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхлэхийн даваан дээр угаарын хийнд 6 хүн ганц нэгхэн хоногийн зайтай амь насаа алдав. Дээр дооргүй түргэн авч хожуу ч гэсэн ухаан орцгоолоо. УИХ-д суудалтай намууд хариуцлага, сахилга батыг сануулж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид шахмал түлшний асуудлаар нийтийн сонсгол хийхийг шаардав. Төгсгөлд нь Засгийн газраас шийдвэр гаргаж гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаарын хийн мэдрэгч үнэгүй суурилуулахаар болов.

Ерөнхийлөгч нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байсан бололтой, нэлээн хожуу байр сууриа илэрхийллээ. Тамгын газраас нь эрхэлдэг албан ёсны цахим сайтад мэдээлснээр Ерөнхийлөгч Х.Баттулга угаартаж нас барсан 6 хүний ар гэрийнхэнд эмгэнэл иэлрхийлсэн байв. Төрийн тэргүүний хувьд улсынхаа иргэдийн амьд явах эрх, аюулгүй байдалд санаа зовниж, харамсалтайгаар амь насаа алдсан иргэдийнхээ араас эмгэнэж байгаа нь хүнлэг алхам байлаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн эмгэнэлийн мэдээний үг, өгүүлбэр болгоноос өс хонзон үнэртэх нь юутай эмгэнэлтэй.

Ерөнхийлөгчийн эмгэнэл илэрхийлсэн талаарх мэдээнд “Мэргэжилтнүүдийн гаргасан урьдчилсан дүгнэлтүүдээс харахад сайжруулсан шахмал түлшинд хэрэглэх нүүрсийг Ухаа худагийн уурхайн угаасан нүүрсний хаягдлаар бүрдүүлжээ…“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов…гэх мэтчилэн MCS рүү чиглэсэн дайралтууд, хууль хяналтынхныг хатгасан санаа олон байх аж.

Ерөнхийлөгч Х.Баттулга, MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал нар нэг нутаг усных хэрнээ хувийн харилцаа тааруу гэдгийг монголчууд бараг бүгд мэднэ. Ил цагаан толхилцдог. Энэ компанид удирдах албан тушаал хашиж байсан Б.Элдэв-Очир гэдэг хүнтэй УИХ-ын сонгуулиар Баянхонгорт өрсөлдөөд ялагдсан түүх саяхных. Одоо Б.Элдэв-Очир гэдэг гишүүн Ерөнхийлөгчийг, төрийн тэргүүн Х.Баттулга болохоор энэ гишүүнтэй байнга л сөргөлддөг. Жалга довондоо багтахаа байсан хоорондын хэрүүлээ УИХ, цаашлаад Ерөнхийлөгчийн ажил албатайгаа хольж хутгах нь төрийн өндөр албан тушаалтанд зөвшөөрөгдсөн ёс зүй лав биш.

Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг албан тушаалтан. Амь насаараа хохирсон иргэдийн араас чин сэтгэлээсээ эмгэнэн гашуудаж, болсон үйл явдалд харамсаж байгаа бол ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулаад холбогдох албан тушаалтнуудтай хариуцлага ярих бүрэн дүүрэн эрх мэдэл түүнд бий. УИХ-ын даргыг хүртэл ҮАБЗ-ийг хуралдуулаад огцруулж байсан бэлхэн жишээг энд дурдаж болно. Ашиглаж чадвал манай Ерөнхийлөгчид бүх эрх мэдэл байдаг.

Эндээс харахаар Ерөнхийлөгч үнэн сэтгэлээсээ эмгэнэн гашуудсан уу, үгүй юү гэдэг асуулт гарч ирж байна. Эсвэл шахмал түлшний дуулианаас болоод олон нийтийн сэтгэлзүй түгшүүртэй, тогтворгүй байгааг далимдуулан өрсөлдөгчөө үзэн ядуулах, муучлах аргаар өс хонзонгоо нимгэлэх гэсэн болчимгүй үйлдэл хийчихв үү. Энэ бас л асуулт. Бие хүмүүсийн таагүй харилцаа төрийн институц хоорондын зөрчил болж хувирдаг өмнөх алдааг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө ч мэдэлгүй давтах гэж байгаа юм биш биз. Эмгэнэл, хонзогнол хоёр чинь эмээлийн хоёр бүүрэг шиг хол зайгаар тусгаарлагдсан хүмүүний араншин биш гэж үү.

Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлнэ гэдэг бол Монголын төр эмгэнэж байна гэсэн шууд утга мөн. Хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулна гэж Үндсэн хуульдаа тунхагласан монголчуудын хувьд том хүндэтгэл. Гэхдээ эмгэнэлээр дамжуулж улс төр хиймээргүй байна. Эмгэнэлээр халхавчилж өс хонзонгоо тайлмааргүй байгаа юм. Төгсгөлд нь Ерөнхийлөгчөөс Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнх нь хувьд нэг асуулт дайя. 2019 он гарснаас хойш зэвсэгт хүчний болоод хилийн цэргийн 7 байлдагч цаг бусаар амь насаа алдчихаад байна. Та эмгэнэж байгаа юу?

Б.ТҮВШИНТӨГС

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...