Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр “Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчид хэвлэлийн бага хурал зарлаж тус төвөөс түрээсийн төлбөрөө 110-142 хувиар нэмж байгааг эсэргүүцэж тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлахад хүрч байна хэмээн мэдэгдлээ.
“Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Жагар хэлэхдээ: “Өнөөдөр өдөр тутмын хүнс, барааны үнэ нэмэгдсэнээр ард түмний амьжиргааны зардал эрс өсч байна. Ялангуяа лангуу түрээслэн амьжиргаагаа залгуулж байгаа иргэдийн түрээсийн үнийг зохиомлоор нэмэгдүүлснээр олон зуун хүний аж амьдралд ихээхэн дарамт ирэх боллоо. Төр засгаас энэ дураараа түрээсийн үнийг хөөрөгдөж байгааг зогсоохгүй бол энэ хүмүүсийн аж амьдрал доройтож, ядуурал улам нэмэгдэхэд хүрээд байгааг анхаарч үзэхийг шаардаж байна” хэмээн онцлов.
Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгч Ж.Сүхбат: Бидний тавьсан шаардлагыг 24 цагт, дор хаяж 2-3 хоногт шийдвэрлээд өгөх атал 30 хоногт шийднэ хэмээн назгайруулж байгааг хоногийн хоолоо залгуулж байгаа энэ түрээслэгчид давж гарах уу? Үнэхээр хүнд байна. Бидний ар гэр, үр хүүхэд маань эх орондоо дарамт шахалтгүй хөдөлмөр эрхлээд амьдралаа аваад явах эрх байх ёстой. Иймд бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгоход бэлэн байна” гэв.
Мөн “Дүнжингарав” худалдааны төвийн 514 дүгээр лангууны түрээслэгч Д.Пүрэвбаатар: ” Тус худалдааны төвийн борлуулалтын албанаас надад мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдэлд, Тус лангууг худалдан авах санал ирсэн. Түрээслэгч та 9 дүгээр сарын 24-ны дотор түрээсийн төлбөрийн хувьд санал болгосон үнийг хүлээж авахгүй бол дараагийн түрээслэгчид шилжүүлнэ. Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Батхүү хэмээх албан бичиг ирээд байна. Нийслэлд өөр хаана ч байхгүй хэт өндөр түрээсийн төлбөр авахыг шаардаж байгааг бид эрс эсэргүүцэж байна. Бид өлсгөлөн зарлахад ч бэлэн байгаа. Өнөөдрийн байдлаар 9 хүн ийм тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоо илэрхийлээд байна. Жирийн иргэдээ, хэн нэгэнд төвөг учруулахгүй хөдөлмөр эрхлээд амьдралаа аваад явах гэсэн хүсэл, чармайлтыг төр засаг нь дэмжиж, ажлын байр гаргаж өгөхийг бид шаардаж байна” гэлээ.
Дүнжингарав худалдааны төвд 1084 лангуу байдгаас 300-400 лангуу нь худалдагдсан бөгөөд бусад лангууг нь түрээслэгч иргэд эзэмшдэг байна. Тус төвийн түрээсийн үнэ нэмэгдсэн асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр болсон бөгөөд өнөөдөр энэ хугацааны дөнгөж 7 хоног нь өнгөрөөд байхад түрээслэгчид эсэргүүцлээ илэрхийлж даруй шийдвэрлэж өгөхийг шаардан ийнхүү хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.