БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ оны 10 сарын 1-ний өдөр тохиож байгаа бөгөөд төрсөн өдрөө Хятад улс нижгэр тэмдэглэхээр төлөвлөж байна. Таван жилд нэг удаа тэмдэглэх томоохон баярын хүрээнд улсын нийслэл Бээжин хотын Тянь Анмений талбай болон төв гудамж, соёлын газруудыг чимэж, тусгайлан бэлтгэсэн байна.
Хятад улсын хувьд энэхүү ойн баяр энэ жилийн хамгийн том арга хэмжээ бөгөөд 10 сарын 1-ний өдөр ихэнх замуудыг хааж, баярын нээлтийг төв талбайд хийсний дараа хотын төвийн томоохон замуудаар цэргийн хүнд даацын машин болон хамгийн сүүлийн үеийн цэргийн машины парад болох юм байна. Энэхүү баярт Хятад улс нэг жил бэлтгэж байгаа бөгөөд улсын байгууллага, хувийн байгууллагууд болон энгийн иргэд бүгд хамтран ажиллаж байна.
Баярын бэлтгэлтэй холбоотой нэг сарын хугацаанд долоо хоног бүр зам, метро, томоохон цэнгээний газарууд болон үзвэрийн газруудыг хаасан хэдий ч улсын хамгийн том арга хэмжээний төлөө сэтгэл нэгдсэн иргэд огт төвөгшөөгөөгүй байгаа нь тус баяр иргэн бүрийн хувьд чухал байр суурийг эзэлдэг болохыг харж болохоор байна.
1949 оноос -2019 оны хоорон дахь 70 жилийн хугацаанд Хятад улс ард иргэдээ ядуурлаас гаргаж, Дэлхийд алдартай дэвшилтэт технологийг зохион бүтээж, Дэлхийн соёлыг нэвтрүүлж, нээлттэй болон Дэлхийн 2-дахь хамгийн том, хүчирхэг эдийн засагт гүрэн болж чаджээ. Хятад хүн бүр улс орныхоо өнгөрсөн амжилтаар бахархахаас гадна ирээдүйд улам ихийг хийж бүтээн, бусад улсыг дагуулан хөгжихөөр сэтгэл шулуудсан байна.
Мөн баяртай холбогдуулан 9 сарын 23-наас эхлэн 10 сарын 1-ний өдрийг дуустал Хятад оронд сүүлийн 70 жилд гарсан дэвшилт, өөрчлөлтийг хамгийн сайн харуулж чадах арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хятад хүмүүс төдийгүй гадны зочид улсын хөгжлийн өөрчлөлттэй танилцаж байна.
Хятад улс төрсөн өдрөө тэмдэглэсний дараагаар улс даяар 10 сарын 1-нээс 7-ны өдрийг хүртэл амрах юм байна. Тиймээс, иргэдийн хувьд 10 сар энэ оны хамгийн сайхан сар байх нь тодорхой байна.
Э. Анударь, Бээжин хот 2019-09-26