“Хонгор минь бид бие биенээсээ хол байгаа нь их хэцүү байна”
Оросын хувьсгалын удирдагч Ленинд ийнхүү захиа бичсэн хүн бол түүний нууц амраг Инесса. Бүсгүй захидлаа Оросоос холгүй Польшийн Краков хотод эхнэр Надежда Крупскаягийн хамт амьдарч буй Ленинд зориулан бичжээ.
“Анх харснаас хойш өнөөг хүртэл би чамд хайртай. Чамайг тэврэхгүй байж болно. Зөвхөн чинийхээ дүрийг харахад л болно. Яагаад чи чамайг харж болохгүй гэж” хэмээн бүсгүй захидлаа үргэлжлүүлсэн байдаг.
Агуу удирдагч, их багш гэж нэрлэж ирсэн Ленин ч бас бусдын л адил дурлаж, гэрлэж, уйдаж бас өөр хэн нэгэнд сэтгэл алдарч явсаныг энэ түүх гэрчилнэ.
Тэдний хайрын түүх Парист эхлэжээ
Тэд анх Парист цагаачилсан оросын хувьсгалчдын цуглаан дээр 1910 онд танилцжээ. Инесса том нүдтэй зузаан уруултай, 35 настай боловч 25-тай мэт харагддаг. Харин Ленин үсгүй шахуу халзан, 40 настай. Тэд хамтдаа Парисын гудмаар зугаалан Орлеан гудамжин дахь цайны газарт хэдэн цагаар сууна. Энэ үеийг хүртэл улстөрийн өгүүллүүд ямар ч эмэгтэй хүнээс чухал санагддаг байсан Ленин ингэж сэтгэлийн жолоогоо алджээ. Тэрээр Инессатай танилцсанаас хойш хэдэн сарын дараа түүнийг Парисын 14 дүүрэг дэх Мари Роз гудамжны 2 тоот байшинд суурьшуулж өөрөө эхнэр хадам ээжийн хамт, 4 тоотод нь амьдрах болжээ.
Ленин, түүний эхнэр хоёроос тэс ондоо Инесса
Инесса тэр хоёр тэс ондоо хүмүүс байсан гэдэг. Ленин эрт босдог бол Инесса орондоо нялууран хэвтэх дуртай. Гэхдээ энэ л бүсгүйн төлөө тэрээр гол анхаарал зорилго нь болсон хувьсгалын хэрэгтээ хайнга хандаж байсан удаатай.
1911 оны эхээр Парисын ойролцоо орших Лонжюмо хотноо Ленин улстөрийн сургууль байгуулж, улстөрийн эдийн засгийн хичээлийг Инессагаар заалгажээ. Оросын хааны хамгаалалтын албаны тагнуулч Малиновын ярьснаар тэрээр Инессаг харах гэж өдөр болгон нэгдүгээр эгнээнд суудаг байжээ.
Мөн түүнтэй 10 хоног амрахын тулд Копенгаген хотод болсон Интернационалын VIII конгресст өөрийн оронд намын жирийн нэгэн гишүүнийг явуулж байсан гэдэг.
Инесса франц, шотланд гаралтай жүжигчний гэр бүлд төрсөн, гадаадын 4 хэл мэддэг, төгөлдөр хуур тоглодог, мэдрэмжтэй хувцасладаг бүсгүй байж. Лениний эхнэр Крупская бол түүнтэй харьцуулахад хуучинсаг үзэлтэй, байнга хар өнгийн хувцас өмсдөг наснаасаа нэлээд оворжуу харагддаг нэгэн. Хуримынхаа өмнөх өдөр гэхэд л нөхөртэйгээ хамт Английн социалистуудын бүтээлийг орчуулаад сууж байв. Номхон даруу дэврүүн бус сэтгэлтэй Ленин, Крупская хоёрын амьдрал маш богино хугацаанд нэгэн хэвийн ажин түжин байдалд орсон бол харин Инессагийн хувь эрс өөр.
Анхны нөхрийнхөө дүүтэй хамт оргосон бүсгүй
Инесса 1893 онд Армандын том хүү Александртай гэрлэж 4 хүүхэд төрүүлсэн ч долоон жилийн дараа нөхрийнхөө дүү Владимиртэй цуг эхлээд Итали, дараа нь Швейцарь руу зугатаж байв. Ингээд өөрөөсөө 17 насаар дүү залуугаас хүүхэдтэй болоод Москвад буцан иржээ. Удалгүй Владимираас салж Стогкольмд суурьшин байна. Ингэж яваад Ленинтэй учирсан байна. Инесса эрх чөлөөт хайр дурлалаа хамгаалж Ленин, Крупская хоёрын хайр дурлалыг “Хайрын үнсэлтгүй гэр бүл” хэмээн шүүмжилсэн байдаг. Ленин нэгэн захидалдаа түүний энэ шүүмжлэлийг пролетарийн эсрэг зүйл хэллээ гэж бичсэн байна. Ленин Инессагаар өөрийн бүтээлээ англи, франц хэл дээр орчуулуулдаг байсан, түүнд үүнийх нь төлөө ямар ч хөлс мөнгө өгдөггүй байсан гэсэн яриа бий.
Их удирдагчийн халамжийг хүртсэн нь
Инесса амраг Ленинийхээ хүчээр дажгүйхэн амьдардаг байжээ. 1918 онд Октябрын хувьсгал ялсны дараа анхны 200 утасны нэгийг Инессад тавьж өгөхийг Ленин хөөцөлдөж Кремлиэс хоёрхон алхмын зайтай байранд оруулсан байдаг. Хэн нэг нь алс явбал тэд байнга захиагаар харьцана. Лениний Инессад бичсэн 100 гаруй захидал хадгалагдан үлдсэн нь бий. Октябрын хувьсгалыг зохион байгуулагч өөр хэнд ч ийм олон захиа бичиж байгаагүй юм.
Ленин түүнд байнга ч сайхан загнадаггүй, хүйтэн хандах үе ч байсан бөгөөд эцэстээ эхнэртэйгээ цуг үлдэхийг илүүд үзсэн юм.
Хувьсгалд аюул учирч өлсгөлөн, эмх замбараагүй байдал Орос орон даяар ноёлсон үед Инессагийн бие муудсан бөгөөд Ленин хэдий улс оронд нь аюул учирсан хүнд хэцүү үе байсан ч Инессагийн эрүүл мэндэд санаа тавих цаг зав гаргаж байжээ. Лениний зөвлөснөөр Кавказ руу эмчилгээнд явуулсан ч 14 хоногийн дараа тэрээр нас баржээ. Ленин “Түүнийг аварч чадсангүй” гэсэн шуудан авсан ба Лениний хайрт бүсгүйг оршуулахад их театрын хөгжимчид Шопены “Гашуудлын марш” тоглож 60 хуягт машин оршуулганд нь оролцсон гэдэг.