Д.Эрдэнэбат: Улаанбаатар-Дарханы зам 11-р сард ашиглалтад орно гэдэг эргэлзээтэй

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.08.13/ хуралдаж, хоёр үндсэн асуудлын талаар хэлэлцлээ. Хурлын дараа УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Сүүлийн үед үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар их анхаарч, цаг үеийн асуудал хойшилж, иргэдийн бухимдлыг үүсгэж байна. Тиймээс цаашид бид цаг үеийн тулгамдсан гол асуудал бүрийг хөндөж, холбогдох яам, тамгын газруудаас мэдээлэл авч ажиллахаар төлөвлөөд байгаа гэдгээ Зөвлөлийн дарга мэдээллийн эхэнд  хэллээ.

ИРГЭДИЙН БУХИМДЛЫГ АРИЛГАЖ, ЗАМЫН АЖЛУУДЫН ЧАНАР, ГҮЙЦЭТГЭЛД ОНЦГОЙ АНХААРАХЫГ САНУУЛЛАА

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг  “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”, Улаанбаатар-Гачуурт-Налайх чиглэлийн авто замын засварын талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан болон холбогдох мэргэжилтнүүдээс дээрх чиглэлийн замын ажлын явц, ажиллах хүчин зэргээр мэдээлэл солилцлоо. Иргэд олон нийтийн гол анхаарч буй асуудлуудын нэг бол дээрх авто замуудын ашиглалтад орох хугацаа болон ажлын явц юм. Тиймээс хур бороо ихтэй эдгээр өдрүүдэд онцгой ач холбогдол өгч ажлын явцыг анхааралдаа авч ажиллалаа. 200 гаруй км замд хэдхэн тэрбум төгрөг төсөвлөгдөнө гэдэг чанарын шаардлага хангах тал дээр эргэлзээ төрүүлж байна. Мөн цаг хугацааны хувьд анхаарч, хугацаандаа хүлээлгэн өгөхийн тулд чанарын шаардлага хангахгүй зам ашиглалтад өгөх вий гэсэн болгоомжлол байх хэрэгтэй. Учир нь одоогийн ажлын явцыг ажиглахад 11 сард ашиглалтад орно гэдэг эргэлзээтэй байна. Орлоо гэхэд дахин чанарын шаардлага яригдах болов уу гэсэн асуудлууд дээр ЗТХЯ-тай хэлэлцэж мэдээлэл солилцлоо. Бид цаашдаа энэ мэтчилэн газар тариалан, ургац хураалттай холбоотой асуудлаар ХХААЯ-тай,  дараа нь ЭХЯ-тай хамтран эрчим хүч, нүүрсний талаар болон өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан утааны талаар асуудал дагуулж мэдээлэл авна хэмээн төлөвлөөд байна” гэв.

АРД НИЙТЭЭР САНАЛ ХУРААЛГАХГҮЙ, ОЛОНХООРОО ХҮЧ ТҮРЖ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАХ ГЭВЭЛ ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХГҮЙ

Дараагийн асуудал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд оруулах зарчмын зөрүүтэй саналын томъёололыг өнөөдрийн хуралдаанаар эцэслэн баталлаа. Үүнд: Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах гурван зүйлийн шаардлага байгаагаа ажлын хэсгийн даргад хүргүүлэхээр болов. Ардчилсан Үндсэн хуулийг сайжруулая гэж бодож байгаа бол гурван суурь зарчимд анхаарах ёстой. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог  байх. Улс орны Эдийн засгийн хөгжлийг бүрэн хангана гэвэл орон нутгийн хөгжлийг анхаарч, төрийн мөнгөний эдийн засаг санхүүг тодорхой болгож Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Ард түмний засаглах эрхийг хангахын тулд  УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах гэх мэт саналын томъёололууд багтаж байгаа юм.

Хамгийн гол анхаарал татаж байгаа сэдэв нь Үндсэн хуулийг өөрчлөх эрх нь ард түмэнд байгаа гэдгийг дахин сануулж нэмэлт өөрчлөлтийг ард түмнээрээ батлуулах бидний шаардлага хэвээр байгаа гэдгийг мөн хэллээ. Энэ байр суурьтай холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулахыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна  гэлээ. Тус хүсэлтэд: “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан санал хураалтыг УИХ-ын нэгдсэн чуулганаар яаралтай оруулах саналыг хүргүүлж байна.

Иймд чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье” гэсэн юм.

Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтээр санал хураалгахгүй, үнэмлэхүй олонхиороо хүч түрж батална гэвэл Ардчилсан нам энэхүү хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мөн илэрхийллээ. Хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Д.ЭРДЭНЭБАТ: МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙГАА АРД ИРГЭДЭД ШУУД ТУЛГАН ШААРДАЖ, ӨӨРИЙНХӨӨ ЭРХ АШИГТ НИЙЦҮҮЛЖ ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТАЛСАН МЭТ ОЙЛГОГДОЖ БАЙНА

-Зөвшилцлийн ажлын хэсгийн явц ямар шатанд явж байгаа вэ?

-Хоёр ажлын хэсэг ажиллаж байгаа. Зөвшилцөх ажлын хэсгийн хуралдаанд оролцсон. Гишүүдийн тоог нааш цааш болгох асуудал их яригдаж байгаа. Ардчилсан намын зүгээс гишүүдийн тоо бол асуудал биш гэж харж байгаа. Сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ гэдэг нь Ардчилсан парламентыг бий болгох гол хүчин зүйл гэсэн байр сууриа хадгалж, энэ талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг баталсан үндсэн байр сууриа илэрхийлсэн байгаа. Бид зарим нэг завсрын зүйл дээр онцгой ач холбогдол өгөх шаардлагагүй гэж үзэж байна.

-Ард нийтийн санал асуулга явуулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж амжихгүй байх магадлалтай  гэж харагдаж байна. Энэ тал дээр зөвлөлийн байр суурийг илэрхийлбэл?

-Анх 10 дугаар сарын 3-нд зохион байгуулна гэж төлөвлөж байсан. Тэр хэвээр байгаа болов уу гэж бодож байна. Үндсэн хуулийг ард нийтээрээ бүрэн ойлголцож байж батлах ёстой. Энэ чинь нийгмийн гэрээ шиг хэрэгтэй зүйл, төр тулгаж хийдэг асуудал биш. Хэрвээ УИХ үнэмлэхүй олонхиороо батлах юм бол мэдээлэлгүй байгаа ард иргэдэд шууд тулган шаардаж, өөрийнхөө эрх ашигт нийцүүлж Үндсэн хуулийг баталж байна гэж ойлгогдож байна. Өнгөрсөн хугацаанд хэлэлцүүлэг гэж хийлээ. Ерөнхийлөгчийн санал орсноос хойш энэ амралтын хугацаанд хэлэлцүүлэг хийсэн гэхэд итгэх боломжгүй. Ард нийтийг мэдээлэлгүй байгааг далимдуулж, эсвэл нэг талын хэт мэдээллийг баримталж үндсэн хуулийг улс төрийн олонхоор баталж огт болохгүй. Үүнээс гарах сөрөг үр дагаварыг хэн хариуцах вэ? Энэ 76-д жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Тиймээс ард иргэдэд нэгдсэн журмаар ойлголт өгч байж батлах ёстой.

-Хөрөнгө мөнгө зохион байгуулахад өндөр зардал гарна гэж зарим гишүүд хэлж байсан. Мөн ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж байгаа юу?

-Хөрөнгө мөнгөөр хэмжигдэх асуудал биш. Бид бараг гучаад жилийн дараа шинэ Үндсэн хуулиа хэлэлцэж байна. Тиймээс улс орны хөгжлийн төлөө зөв батлах нь чухал. Ерөнхийлөгчийн хувьд ард нийтээс асууж хэлэлцэх нь зүйтэй шүү гэсэн байр сууриа илэрхийлсэн нь одоо хүртэл хэвээр байгаа боловуу гэж бид үзэж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...