Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.
Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгов
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтэд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг зам, замын байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжүүдэд олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Замын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг стандарт, нормын дагуу нөхөж сэргээж орон нутагт хүлээлгэж өгөхийг аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгов.
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина
50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байдлаар барихаар төлөвлөж байна. Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ явуулах боломжтой, жилийн дөрвөн улиралд ажиллах цэнгэлдэх хүрээлэнгийн загвар, зургийг шалгаруулах уралдаан зарлах юм.
Шинэ цэнгэлдэх хүрээлэнг ХУД-ийн нутаг дэвсгэр, Нисэх, Яармагийн замын аюулгүйн тойргийн зүүн урд, эсвэл СХД-ийн нутаг дэвсгэр, Хүй долоон худаг, “Монгол наадам цогцолбор” орчимд барьж 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” барих, холбогдох санал, шийдвэрийн төслийг төсөв, санхүүгийн тооцооны хамт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж байна.
Товч мэдээ
– Өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
– Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдэд орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зориулж 100 сая төгрөг олгохоор болов. Талийгаач 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан юм.
– Эх орон, ирээдүй хойч үедээ уламжлалт сэтгэлгээ, дархлаа уламжлуулан үлдээх зорилгоор “Хязгааргүй дуулал” төрийн бус байгууллагын “Уран бүтээлчид-Улсын хилээр” арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар шийдвэрлэв.
– Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газрын болон дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шуурхай шийдвэрлэж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.
– Энэ онд 93 цэцэрлэг, 48 сургууль болон өргөтгөл шинээр ашиглалтад орно. Ингэснээр сургуулийн суудлын хүчин чадал 21420, цэцэрлэгийн ор 13140-өөр нэмэгдэх юм.
– Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах, барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцож, санхүүгийн эх үүсвэрийг яаралтай шийдэхийг сайд Ё.Баатарбилэгт даалгав.
– Үндэсний урлагийн их театрын цогцолбор барих зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаар судалж шийдвэрлэхээр болов.
– “Автозамын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам”, “Автобензин, дизелийн түлшний албан татварын орлогоос Автозамын санд төвлөрүүлэх хувь хэмжээ”-г хавсралтаар батлав. 2020 онд автобензин, дизелийн түлшний албан татварын орлогоос нэг тонн тутамд 18 мянган төгрөгийг Автозамын санд төвлөрүүлэхээр болжээ.