Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг энэ сарын 22-ноос цахимаар бүртгэнэ

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын талаар мэдээлэл хийлээ.

НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “972 орон сууцны 30 хувийг энгийн түрээс, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх, үлдсэн 40 хувийг түрээсийн орон сууц барих зориулалтаар газар чөлөөлөлтөд зарцуулахаар НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан.

Энэ сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 5-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд цахим бүртгэл явагдана. Энэ 14 хоногт амралтын өдөргүй, 24 цагаар бүртгэл хийнэ. Бэлтгэл ажил бүрэн хангагдаж, бүртгэл эхлэхэд бэлэн болсон. Түрүүлээд бүртгүүлснээрээ түрүүлээд орно гэсэн юм байхгүй. Энэ хугацаанд хэзээ ч бүртгүүлж болно. НОСК-иас тавьсан шаардлага, иргэдийн өөрсдийнх нь ирүүлсэн мэдээллийн дагуу эрэмбэлнэ. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хийнэ. Үүний дараа орон сууцны комисс, нийслэлийн Засаг даргын дэргэдэх нийслэлийн Орон сууцны зөвлөл гэсэн байгууллагууд ажиллана. Нийслэлийн агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж байгаа ажил учраас инженерийн дэд бүтэцгүй буюу гэр хороололд амьдардаг иргэдийг хамруулна. Орон сууцтай иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжгүй” гэлээ.

Түүнчлэн иргэдээс багш, эмч, сэтгүүлчдэд квот олгох уу гэсэн асуулт маш их ирж байгаа аж. Аль нэг салбар, иргэн, байгууллагад давуу эрх олгоно гэсэн асуудал огт байхгүй гэдгийг НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар онцлон хэлсэн юм.

Түрээсийн орон сууцны хувьд 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголт байгаа аж. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журамд залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг эх, өндөр тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн найман төрлийн иргэдийг хамруулахаар заасан байна.

Түрээсийн орон сууцанд анх удаа өмчлөх хэлбэр орж байгаа юм. Иргэд таван жилийн хугацаанд заасан графикийн дагуу төлбөрөө барагдуулах ёстой юм байна. Энгийн түрээс нь өмчлөх боломжгүй аж.

НОСК ХК-ийн Орон сууцны ашиглалт, борлуулалтын хэлтсийн дарга Д.Алтанхуяг “Урьд нь бичгээр болон цахимаар бүртгүүлж байсан иргэд бүртгэл нь хэвээрээ байх уу гэсэн асуултыг маш их тавьж байна. Улаанбаатар хотын ЗАА-нд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй 5700 иргэний материал ирсэн байсныг манай байгууллагад шилжүүлсэн. Бид бүх иргэдэд адил тэгш боломж олгох үүднээс дахин цахимаар бүртгэнэ. Эндээсээ шаардлага хангасан гэж үзвэл өмнөх материалыг нь татан авах боломжтой. Дахин материал бүрдүүлэхгүй байж болно. Мэдээлэл хуучирсан гэж үзвэл шинэчлэн бүрдүүлэх шаардлага тавина” хэмээн ярилаа.

“НОСК-ийн нэрийг барьж залилан хийж байгаа гэсэн мэдээлэл цөөнгүй ирсэн. Албан ёсоор хэлэхэд манай байгууллагад ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид зөвхөн бүртгэл хийнэ. НОСК сонгон шалгаруулалт хийхгүй. Буруу ташаа мэдээлэл маш их явж байна. Ямар нэгэн арын хаалга, хэн нэгэнд давуу байдал үүсгэж квот өгнө гэсэн асуудал байхгүй. Сонгон шалгаруулах комиссын дэргэд хууль хяналтын байгууллага давхар ажиллаж байгаа. НОСК-ийн ажилтан хууль бус үйлдэл гаргасан байвал хууль хяналтын байгууллагад нь өгнө. Хариуцлага тооцно” хэмээн НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар онцлон хэллээ.

Цахимаар бүртгүүлэх шатанд ямар нэгэн цаасан материал нэхэхгүй. Интернет орчинд шууд оруулах боломжтой мэдээллийг шаардах гэнэ. Иргэд цахимаар бүртгүүлээд шаардлагад нийцсэн тохиолдолд бичиг баримтын бүртгэлийг нэхэх юм байна. Бичиг баримтын лавлагаа, бүртгэлийг ТҮЦ машинаас авах боломжтой аж. Цахимаар бүртгүүлж буй иргэд хуурамчаар мэдээллээ өгөөд тэр нь илрэх тохиолдолд цаашдаа НОСК-иас явуулж буй хөтөлбөрт хамрагдах эрхгүй болж, хар жагсаалтад багтах юм байна.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...

Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн...

Шинэ 30 жилд хулгайчгүй амьдармаар байна

2025 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг бөөн шуугиан дэгдээсний...