Монгол Улс Бишкект Элчин сайдын яамаа нээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн юм.

Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байгаа юм.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын албаны хүмүүс оролцлоо.

НЭЭЛТИЙН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Энд цугласан хүндэт ноёд оо, зочид,  анд нөхөд өө.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамыг нээх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Та бүхэнд баяр хүргэж, мэндчилье.

Та бид өнөөдөр Монгол-Киргизийн харилцааны түүхэн ач холбогдолтой томоохон үйл явдлын гэрч болохоор энд цуглаад байна. Монгол Улсын төв Ази дахь чухал түнш Бүгд Найрамдах Киргиз улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Элчин сайдын яамны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байгаа нь Монгол-Киргизийн найрамдалт харилцаанд манай улс ихээхэн ач холбогдол өгч буйн тод илрэл гэдгийг онцлон тэмдэглэж байна. Манай хоёр ард түмэн парламентын засаглалыг сонгон авч, нийгмийн ардчилал, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэн хөгжүүлэхдээ мэдлэг туршлагаасаа харилцан суралцдаг сайхан уламжлал тогтоод байна.

Өнөөгийн олон улсын харилцааны чиг хандлага эрчимтэй даяаршил дунд бид харилцааны түүхэн уламжлал, итгэлцэлдээ тулгуурлан илүү ойр дотно байж, хамтран хөгжих шаардлага хэрэгцээ мөн тулгарч байна.

Монгол-Киргизийн харилцааг хөгжүүлэх өргөн боломж бидний өмнө нээлттэй байна. Энэхүү боломжийг бодит ажил хэрэг болгоход, нэн ялангуяа худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсын Элчин сайдын яам чухал үүрэг гүйцэтгэж, гүүр болон ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс Киргиз улсын нийслэл Бишкек хотноо Элчин сайдын яамаа нээхтэй холбогдуулан зохион байгуулалтын болон бусад холбогдох дэмжлэг үзүүлсэн Киргиз анд, нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ийнхүү Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээснийг албан ёсоор мэдэгдье” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын хамтаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Элчин сайдын яамны хаяг, самбарыг байрлууллаа.

Киргиз улсад суух Ерөнхий консулын газар 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд улс орноо төлөөлөх, суугаа улсын Засгийн газартай хэлэлцээ хийх зэрэг зөвхөн Элчин сайдын яамны хэрэгжүүлэх боломжтой чиг үүргийг тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй байв. Өнөөдөр ийнхүү Элчин сайдын яам болсноор аливаа нэмэлт зардал гаргахгүйгээр үйл ажиллагаа явуулж, дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...