Зам тээврийн яаманд аллага болсоноос хойш төрийн байгууллагуудад архидан согтуурахыг Засгийн газраас эрс хориглосон. Гэвч УИХ-ын гишүүд Төрийн ордонд архидан согтуурч, МАН-ын бүлгийн хурлын үеэр Ерөнхий сайдад агсам тавьж тавьтиргүйтсэн нь олон нийтэд ил болсон. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үдийн хоолон дээр нэг шил архи задалж гишүүд хүртсэн хэмээн болсон явдлыг үнэнээр хүлээсэн. Харамсалтай нь УИХ-ын гишүүд өрөөндөө архидсан өдөр төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү Төрийн ордон дотор учир битүүлгээр амь насаа алдаж, энэ хэрэг араасаа олон эргэлзээ төрүүлээд байгаа юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ улстөрчдийн архидалт хэрээс хэтэрлээ гэдгийг онцгойлон анхааруулсан. УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэсэн гишүүдийг олж тогтоон хариуцлага тооцохоор ажилааж байгааг эх сурвалжууд мэдээллээ. Би архи уусан гээд хэргээ өөрөө хүлээх гишүүн гарахгүй нь тодорхой ч тухайн өдөр МАН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэрээр улс төрийн дэмжлэгээ алдсан Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нар нэгнийхээ өрөөнд гашуун идээ сөгнөсөн нь ойлгомжтой болсон.
Засгийн газраас 2018 оны 8-р сарын 28-нд гаргасан 258 дугаар тогтоолоороо төрийн байгууллага руу архи нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хориглосон журмыг гаргаж, зөрчсөн тохиолдолд хатуу хариуцлага тооцохыг үүрэг болгосон байдаг. Энэ тогтоолыг төрийн бүх байгууллага дагаж мөрдөх учиртай. Харин УИХ-ын гишүүд архидсан тохиолдолд үйлчлэх эсэхийг хэлж мэдэхгүй ч УИХ-ын одоогийн дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргын хувиар тогтоолд гарын үсэг зурсан байдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Төрийн ордонд архидсан гишүүдийн тоо 10 орчим гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Ээлж дараагаар нэгнийхээ өрөөнд ирж их, бага ууцгаасан бололтой байдаг. Ямартай ч Н.Номтойбаяр гишүүн нэлээн халамцсан байдалтай бүлгийнхээ хурал руу орж, Ерөнхий сайдад агсам тавьсан тухай хэвлэлүүд мэдээлж байв. УИХ-ын гишүүн бол төрийн өндөр албан тушаалтан учраас ямар хариуцлага тооцох нь толгойн өвчин болоод байгаа сурагтай. УИХ-ын Тамгын газраас төрийн ордонд архидсан гишүүдийн цалингийн тодорхой хувийг хасах байдлаар хариуцлага тооцох магадлал хамгийн өндөр байгаа ажээ. Гишүүд хамгийн багадаа 1.5 саяас багагүй хэмжээний цалин авдаг.