БЭЛЭГ бүрийн ард ХАЙР байдаггүй

Монголд сонгуулийн дэмийрэл албан ёсоор эхэллээ. Уг нь УИХ-ын ээлжит сонгууль болоход дахиад нэг жилийн хугацаа бий. Хэнтий аймгийн УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль явуулахаар товлосноос хойш улстөрчид өөрсдийгөө бөөн дураар сойж, уяан дээрээ тогтож ядан буй адуу шиг эвгүй болцгоосон. Цэцээс УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарласан нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаад, сонгууль явуулахгүй байхаар улс төрийн захиалгат шийдвэрээ гаргачихаад байхад л улстөрчид хөөрсөн хэвэрэээ байх нь сонин. Ийш тийш сэлгүүцэж, орон нутгаар бужигнуулж, подпулизм хийх сэдвийн араас жолоогоо мэдэхгүй давхилдаж байна.

Ялангуяа засгийн эрх барьж буй МАН дотор тойрог булаацалдсан зодоон ширүүссэн тухай хэвлэлүүд ам уралдан мэдээлж эхлэв. Тус намын Хяналтын ерөнхий хороо гэнэтхэн хуралдаад УИХ-ын гишүүд Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцож, таван жил хүртэлх хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж шийдсэн нь бөөн хэрэг мандаасан. Нэр дурдагдсан хоёр гишүүн хоёулаа миний тойргийг булааж дээрэмдэж байна гэж хэвлэлийнхний өмнө хоолой зангируулан ярьсан. Мах зарим дэлгүүрт кг нь бараг 20 мянган төгрөг хүрэхээ шахан үнэ галзуурч байхад УИХ дахь МАН-ын бүлэг үнийн өсөлтийн талаар биш хоёр гишүүнийхээ тойргийн хэрүүлийг авч хэлэлцээд Удирдах зөвлөлөөрөө мундагдуулж Хяналтын ерөнхий хорооныхоо шийдвэрийг баллуурдуулав.

Манай МАН коммунист нам болчихсон юмуу гэж бачуурсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нар тэр өдрөө өрөөндөө архидацгааж, үдэш нь УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү учир битүүлгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг ч гарав. Дараа нь Н.Номтойбаяр гишүүн архи дарс хүртсэн гэдгээ хэвлэлийн бага хурал хийхдээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Гишүүн Д.Дамба-Очирын тойрог буюу Эрдэнэтэд МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нэр дэвших гээд байгааг хэвлэлүүд хэдийнэ “илрүүлсэн”. Тийм учраас Хяналтын ерөнхий хорооны шийдвэрээр Д.Дамба-Очирын сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хаах оролдлого хийсэн гэх хардлага үнэний ортой болоод явчихлаа. 

Эрх баригч МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх Эрдэнэт хотын бүх хүүхдэд үнэгүй бэлэг өгч кино үзүүлнэ гэх зар олон нийтийн сүлжээнд ил болов. Тэрбээр үнэхээр Эрдэнэтийг зорьсон бөгөөд улс төрийн тодорхой ажлууд амжуулахаар мордсон гэдгийг эх сурвалжууд нотолж байна. Том намын хөрөнгөлөг дарга улс төр хийж болох ч хүүхдээр дамжуулж өөрийн атгаг хүслээ гүйцэлдүүлэх гэж улайрахын учир юу юм бол. МАН-ын ганц Нарийн бичгийн дарга Эрдэнэт хотын бүх хүүхдэд үнэгүй бэлэг тараачих бэл бэнчинтэй юм бол бусадтайгаа нийлээд Хүүхдийн мөнгийг улсын төсвөөс гаргуулахгүй шийдчих боломж байгаа юм биш үү.

Уг нь Хүүхдийн баяр бол үнэгүй бэлэг тарааж аав ээжийнх нь саналыг худалдаж авдаг нүгэлт өдөр биш л дээ. Хүүхдийн эрхийг бодитоор хамгаалж, аюулгүй орчинд амьдруулах, элдэв хүчирхийллээс хамгаалах бодлого боловсруулж бэлэг барьдаг өдөр юм. Төрийн бодлого гаргаж үр хүүхдээ хамгаалдаг болохоос төмпөнтэй боорцог үнэгүй тарааж багачуудыг хуурдаг ёсон үгүй. Хүүхдээр өгөөш хийж ээж аавынх нь саналыг худалдаж авах гэсэн иймэрхүү “улс төрийн загасчлал”-ыг одоо хүмүүс мэддэг, жигшин зэвүүцдэг болсныг Ц.Бат-Энх дарга мэдээгүй яваа нь тоогүй. Бэлэг бүрийн ард хайр байдаггүй. Ялангуяа улстөрчдийн өгсөн “үнэгүй” бэлэг араасаа хэтэрхий их өртөг дагуулдгийг, бидний халааснаас эргүүлээд хэдэн зуу дахин нугалж авдгийг ЖДҮ-ийн сангийн хулгай хангалттай нотолсон. Ардынхаа амьдралаас тасарсан Ардын намын “том” даргад хүүхдээр өгөөш хийсэн увайгүй улс төрөө зогсоохыг сануулмаар санагдлаа.

Б.ТҮВШИНТӨГС

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...