ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ-тай 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” НҮТББ нь Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн гишүүн байгууллага бөгөөд тус сангийн олон улсын хөтөлбөрүүдийг Монгол улсад албан ёсоор хэрэгжүүлж дэлхий нийтийн ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд мэргэжил арга зүйн сургалт-дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах, хөгжих боломжийг өргөжүүлэх талаар Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн өмнө эрх, үүрэг хүлээсэн байгууллага юм.
Санамж бичиг нь хоёр талын хамтын ажиллагааны хүрээ, хамтран ажиллах чиглэл, хэлбэрийг тодорхойлох зорилготой ба Санамж бичгийн хүрээний үйл ажиллагаа нь Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилгууд, Монгол Улсын хууль тогтоомж, Тогтвортой хөгжлийн бодлого, Засгийн газрын “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд дараах чиглэлээр хэрэгжинэ. Үүнд:
a. “Дэлхийн хамгийн том хичээл” олон улсын санаачилгыг түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллах
b. Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн хөтөлбөрүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд хамтран ажиллах
c. Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх
d. ЮНЕСКО-гийн Холбоот сургуулиудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх
e. Олон улсын тэргүүн туршлагуудыг Монгол Улсад нэвтрүүлэх
Санамж бичигт ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ-ын тэргүүн Л.Тэмүүжин нар гарын үсэг зурав.