УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд Олон Улсын Парламентын холбооны тэргүүн Габриела Күвас Барронд Г.Батхүү агсны цаг бусын үхлийн шалтгааныг тодруулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн. Хүсэлтийг хүргүүлсний дараа АН-аас байгуулсан Хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин нэлээд ноцтой мэдээлэл өгсөн юм. тэрээр талийгаачийн үхэл гаднын нөлөтэй байсан гээд тэр өдөр төрийн ордонд архидан согтуурч нэгэндээ агсам тавьсан явдал ч болсон тухай дуулгалаа.
Тэрээр: “ОУПХ-нд бид үндсэн гурван чиглэлээр хяналт тавих санал гаргасан.
Нэгд, саяын үйл явдалтай холбоотойгоор Төрийн ордонд, тусгай хамгаалалттай байгууллагад энэ үйл явдал болсон. Ийм нөхцөлд гадны хяналтын байгууллага байх нь зөв гэж үзэж байна.
Хоёрт, хэрэг гарсан өдөр, тухайн цагт 64 гишүүнтэй олонхын бүлгийн олон гишүүн өрөөндөө архидаж, дараа нь цэвэрлэгээ хийлгэсэн гэсэн хэл ам гарсан нь сонгууль ойртож байгаа үед намынхаа нэр хүндтэй холбоотойгоор мөрдөн байцаах ажиллагаанд тээг болох вий, улстөржилт явах вий гэж үзэж ОУПХ-оос дэмжлэг хүссэн. Гуравт, нотлох баримт болон үйл явдлуудыг харахад зүрх болон цус харвалтын үйл явц байхгүй, өндрөөс унасан байдалтай гэмтлийн улмаас нас барсан. Унах болсон шалтгаан учир битүүлэг байна. Өөр нэг мэдээллээр тодорхой хүмүүсийн дунд маргаан болсон байж болзошгүй гэсэн таамаг маш хүчтэй яригдаж байгаа учраас манай цагдаагийн байгууллага улс төрийн нөлөөлөлгүй үйл ажиллагаа явуулах нь эргэлзээтэй байна.
Хэд хэдэн гишүүн өрөөгөө учиргүй их цэвэрлэсэн байна. Энэ нь мөрдөн шалгахад саад болох вий. Тиймээс дотоодын хууль тогтоомж, мөрдөн шалгах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж байж асуудал илүү тодорхой болох байх гэж бодож байна. Сонгууль ойртож байгаа учраас аль аль намаас улстөржүүлэх гэж оролдох байх.
Гэхдээ үйл явдал, нотлох баримт асуудлыг улам бүр аюултай буюу эгзэгтэй нөхцөл байдал руу түлхээд байгаа учраас бид болгоомжилж, хөндлөнгийн хяналт байх ёстой гэж үзсэн.
Шүүх шинжилгээний эхний дүгнэлтээр зүрх нь хаагдаагүй, цус харвалт биш байсан, гэмтлийн улмаас амиа алдсан гэсэн. Тэр гэмтэл нь өндрөөс унаснаас үүссэн үү, эсвэл гадны нөлөөтэй байсан уу гэдгийг дахин нягталж шалгаж байгаа. Өвчин зовлонгоос болоогүй гэдэг нь хардлага дагуулж байна. Эргэлзээ маш их байна. Тухайн хэрэг гарсан өдөр нэр бүхий улстөрчид, гишүүд маш их хэмжээний архи уусан, агсам тавьсан гэсэн мэдээлэл нь тодорхой байгаа.Цагдаагийн байгууллага гудамжнаас Төрийн ордонд орж ирж энэ хэргийг шалгаж, илрүүлэхэд хүндрэлтэй байх шиг байна” гэсэн юм.