Ажилтнуудаа амиа хорлотол дарамталсан хэргээр франц захирал шүүхэд дуудагдлаа

Хуучнаар “Франц телеком” одоогийнхоор “Оранж” компанийн захирал Дидиер Ломбард ажилтнуудыгаа амиа хорлохоос аргагүй байдалд хүргэсэн гэсэн шалтгаанаар шүүхээр хэргээ шийдүүлэх гэж байна. Тодруулбал, одоогоос 10 гаруй жилийн өмнө дэлхийд эдийн засгийн хямрал нүүрлэсэн  байх  үеэр Дидиер Ломбард олон ажилтнуудаа ажлаас халж,  заримынх нь  ажлыг  өөрчилсөн бөгөөд үүний дараа 19 ажилтан амиа хорлосон байна. “Франц телеком”-ын 22 мянган хүн ажилгүй болж, 14 мянган хүн ажлаа сольсон тэр үед ажилтнууддаа хэт хатуу хандаж, ажилтай үлдсэн хүмүүсээ ч хэт ачааллаар дарж, зүй зохисгүй удирдсан гэж түүнийг буруутгаж байгаа юм.

Жишээ дурдахад 2009 онд 32 настай Парис дахь салбарын ажилтан оффисынхоо цонхоор үсрэн амиа хорлосон бол 2011 онд 57 настай ажилтан компанийнхаа автомашины зогсоолд өөрийгөө шатаан амиа хорлож байв. Ноён Ломбард 2011 онд өөрийнх нь удирдлагын арга барил  болохгүй байгааг зөвшөөрөн ажлаа өгсөн боловч энэ нь амиа хорлолтод хүргэхэд нөлөөлөөгүй хэмээн зүтгэсээр байна.

Дидиер Ломбардаас гадна тухайн үед удирдлагад ажллаж байсан зургаан хүнийг  ийм ижил шалтгаанаар буруутгаж байгаа ч  захирлууд өөрсдийнх нь шийдвэр хэн нэгнийг  амиа хорлоход хүргээгүй гэж үзэж байгаа аж.

Ямартай ч ноён  Ломбардын захирлуудын  зөвлөлийн хурал дээр ” Би цонхоор байна уу, хаалгаар байна уу хамаагүй,  ямар нэгэн замаар тэднийг  явуулна” гэж хэлсэн дуу бичлэгийг LE Parisen сайт олонд цацаад байгаа нь хүмүүсийн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тэрээр буруутай нь шүүхээр нотлогдвол 15 мянган еврогийн торгууль төлж, нэг жил шоронд хоригдох юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ