С.Амарсайхан: Уулын моддыг булгалж Улаанбаатарт булшилдгаа зогсоо

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Нийслэлийн ЗДТГ,  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан болон орлогч дарга нарын энэ долоо хоногийн ажлыг дүгнэж, амралтын өдрүүдэд ажиллаж, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан  асуудлуудыг хэлэлцлээ.

Хотын Захирагч хуралдааны эхэнд Улаанбаатар хотын хилийн цэсийг шинээр тогтоож, Төв аймгийн сумд болон нийслэлийн хэд хэдэн дүүрэг, хорооны ард иргэд, оршин суугчдын дунд олон жилийн турш “хэрүүлийн алим” болж ирсэн газрын маргааныг эцэслэх шаардлагатай байгааг онцолж, энэ асуудлыг нэн даруй судалж, санал дүгнэлтээ боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлтгэх үүргийг  холбогдох газар, хэлтсийнхэнд өглөө.

Мөн Төв цэвэрлэх байгууламжид гарсан осол болон нийслэлийн ЗДТГ-ын байранд гарсан галын шалтгаан нөхцөлийг эцэслэн тогтоосон бол олон нийтэд түүнийгээ мэдээлж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн, цаашид ямар ямар арга хэмжээ авах шаардлагатай байна, тэр дагуу ажил явах ёстой гэдгийг харьяа газрынханд даалгав. Тэрбээр “Энэ бол хэн нэгэн зүв зүгээр явж байгаад бүдрээд уначихсан асуудал биш. Олон хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой аюул осол гарчихаад байхад юунаас болсон, яасан гэдэг нь тодорхойгүй яваад байж болохгүй. Шалтгаан нөхцөлөө даруй эцэслэн тогтоож, хотын удирдлагуудад, холбогдох газруудад мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авахуулах хэрэгтэй байна” хэмээн онцоллоо.

Түүнчлэн хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ямар ажил хийж байгаа, ямар асуудал тулгамдаж байгаа, хууль эрх зүйн талаас ямар зохицуулалт шаардлагатай байгаа гэх мэт асуудлаа багцалж цэгцлээд, даруй оруулж ирэхийг холбогдох хэлстийнхэнд даалгав. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн газрын маргаан нэн  тулгамдсан асуудал болоод байгааг хотын Захирагч энэ үеэр онцлоод, бүхэн бүтэн 167 га газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжийг хүүхдүүдийн эрдэм боловсролын төлөө ганц хоёрхон га газар илүүчилж өгөхийг хүсэхэд зөвшөөрөхгүй байгаа бол газар эзэмшлийн эрхийг нь цуцлах асуудлыг ч сөхөхөд буруудахгүй гэдгийг Газар зохион байгуулалтын албаныханд сануулсан юм. Тус дүүргийн 26 дугаар хороонд ирэх намар нэгдүгээр ангид орох 680 хүүхэд байгаа боловч одоо үйл ажиллагаа явуулж буй ганц сургууль болох 133 дугаар сургууль нь өөрсдөө “Монгол тэмүүлэл” хэмээх  сургуулийн хоёр давхарт толгой хоргоддог аж.

Хотын захирагчийн зүгээс Захирагчийн ажлын албаныханд хандан “Уулын модыг булгалж хотод ургуулна гээд булшилдаг байдлаа одоо зогсоо. Тэр зардлаараа зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хий. Өдөр бүр гудамж, зам талбайг зориулалтын усалгааны машинаар услаж, чийгжүүлж байх ажил яагаад хийгдэхгүй байна вэ. Хариуцсан ажилдаа эзэн болж чадахгүй байгаа албан тушаалтнууд халагдах өргөдлөө өгөөд ажлаа чөлөөлж өг. Нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой асуудлуудыг бид хийж чаддаг хүмүүсийг сонгон шалгаруулж авч ажил эрхлүүлнэ” гэв.

Мөн “Хотын даргын явуулын оффис” болон “Хотын дарга сонсож байна” утас ажиллуулах санаачилгыг яаралтай бодит ажил хэрэг болгож, ирэх долоо хоног гэхэд хотын удирдлага иргэдээ сонсдог, санаа бодлыг нь төлөвлөгөө, бодлого, зорилтдоо тусгах боломж нөхцөлөөр хангаж ажиллахыг чиглэл болголоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...