Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд тарваган тахал өвчнөөр хоёр хүн өвчилж нас барсантай холбогдуулан тус аймгийн Онцгой комисс хуралдаж, Гамшгаас хамгаалах мэргэжлийн байгууллага болон хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, хяналтын цэгээс нэг ч хүнийг оруулж гаргахгүй байхаар үүрэг өгчээ.
Мөн Өлгий сумаас орж гарах 9 чиглэлд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарын орон байр, хоол хүнсний асуудлыг маргааш 15:00 цаг хүртэл шийдэж, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосон байна.
Үүний дараа Казахстан, ОХУ- руу явж Ташаантын боомт дээр буцаж ирээд байгаа иргэдийн асуудлыг хэлэлцсэн ба эдгээр хүмүүсийг хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд голомт бүсээс дамжин өнгөрүүлэхгүйгээр Улаанбайшинтын боомтод нэгдсэн хяналтанд байлгахаар шийдвэрлэлээ.
Тус аймагт 2019 оны 04-р сарын 30 өдрөөс эхлэн 6 хоног Цагааннуур тосгон, Өлгий сум, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хорио цээрийн дэглэм тогтоож, орж гарах бүх хөдөлгөөнийг болон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.