Чингис хааны өв, соёлын хүрээлэн байгуулахаар болжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсны дагуу БСШУСЯ-ны харьяанд Чингис хаан судлалын хүрээлэн байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ. Мянганы суут хүнээр тодорсон Их эзэн Чингис хааны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, XIII зууны түүх, соёлыг гүнзгийрүүлэн судалж, олон улсад сурталчлан таниулах, гадаадын эрдэмтэн, судлаачдыг Монгол Улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа явуулах боломжийг бүрдүүлэх, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасныг эх сурвалжууд онцоллоо.

Сүүлийн үед Чингис хааныг өөрсдөөсөө гаралтай гэх зэргээр өмчлөх хандлагыг зарим улс орон ил тод илэрхийлэх болсон. БНХАУ-ын ӨМӨЗО гэхэд бодлогоор Чингис хаан судлалд онцгой анхаарч, их хэмжээний санхүүжилт гарган судалгааны олон чиглэлээр ажиллаж Чингис хаан судлалыг ӨМӨЗО-нд төвлөрүүлэх хандлагатай болсон. Дэлхий нийтэд ч Чингис хаан, 13-р зууны үеийн түүх, соёлын талаарх бодитой ойлголт хангалтгүй байгаа. АНУ-ын дунд сургуулиудад л гэхэд Хубилай хаан бол түүхэндээ Хятадын хаан байсан гэж зааж байна.
Чингис хааны өв, соёлын хүрээлэнтэй болсноор Чингис хааны нэр, хаяг, хөрөг зураг, хөшөө дурсгалын дүрсийг хэрхэн ашиглах асуудлыг ч хуульчлах боломжтой болох юм.
Энэ мэтээр олон жил яригдсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрсэн, Чингис хааны өв, соёлын хүрээлэн байгуулах бодитой олон шалтгаан байсан. Тиймээс энэ бүхнийг Засгийн газар харгалзан үзээд их хаантай холбоотой асуудалд Монгол төрийн нэгдсэн бодлого, зохицуулалттай болох, Чингис хаан судлаач гадаад, дотоодын түүхч, эрдэмтэн, судлаачдын оролцоог нэг чигт хандуулах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан гэхэд болно.
Өөр нэг чухал асуудал бол Монгол улсад түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх ЗГ-ын шийдвэр тус хүрээлэнд төвлөрч, бодит ажил болох юм.
ЗГ-ын 2017 оны 05 дугаар сарын сарын 10-ны өдрийн 142-р тогтоолоор баталсан “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрт “Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний паркыг Хэнтий аймагт байгуулахаар, тус аймгийг түүхэн аялал жуулчлалын өлгий нутаг болгохоор тусгасан юм.
Тиймээс Монгол улсын 2018 оны төсвийн тухай хуулийн хүрээнд Чингис хот-Норовлин-Дадал чиглэлийн 250 км хатуу хучилттай авто зам барих, “Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн” цогцолборыг Биндэр суманд, “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” цогцолборыг Батноров суманд байгуулахаар болсон.
Мөн Чингис хааны төрсөн нутаг Дадал суманд “Мянганы суут хүн –Их эзэн Чингис хаан” төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээн байгуулахаар өнгөрсөн онд ЗГ-аас шийдвэр гаргасан бөгөөд эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд өнөөдөр тухайн орон нутагт эхлээд явж байгаа билээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ