20 гаруй тонн үхсэн малын байж болзошгүй махыг нийслэл рүү оруулах гэж байхад нь мэргэжлийн хяналтынхан илрүүлсэн байна. Шинж тэмдгээс нь ажихад, урьдчилсан байдлаар үхсэн малын мах гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид үзэж байгаа бөгөөд дээж авч шинжилгээнд хамруулсан байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа бөгөөд махыг Баян-Өлгий аймгаас нийслэл рүү оруулахыг завджээ.
Тухайн махыг гарал үүслийн гэрчилгээтэйгээр Эмээлт зах дахь “Цан-сент-И” гэх компанийн захиалгаар Баян-Өлгий аймгаас авчирсан гэх мэдээлэл байна. Шинжилгээний хариу хэзээ гарах нь тодорхойгүй, үхсэн малын мах гэж тогтоогдвол махыг устгалд оруулах ажээ.