Та хэн бэ, өдийг хүртэл амьдрахдаа юу хийж бүтээж, ямар үйл явдлуудын гэрч болов. Эдгээр бүх мэдээллүүд хүний ой дурсамж хэлбэрээр тархинд хадгалагддаг. Цочрол, осол гэмтэл, насжилт мэтийн цөөхөн шалтгаанаас бусад тохиолдолд хүний ой дурсамж алдагдах боломжгүй гэж эрдэмтэд итгэж байсан юм. Тэгвэл эрдэмтэдийн олон жилийн судалгаагаар дурсамжийг арилгаж, өөрчилж тэр ч бүү хэл шинээр суулгах боломжтойг зарчмын хувьд батлаад байгаа. Өөрөөр хэлбэл, таагүй, сэтгэл шаналгасан дурсамжийг арчиж, оронд нь өөр дурсамж суулгах боломж удахгүй бий болно гэж эрдэмтэд амлаад буй.
Үүнийг хамгийн анх баталсан хүн бол Ховард Хью анагаахын судалгааны төвийн неорологич Андрэ Фэнтон юм. Тэрээр ой дурсамжийг арилгах боломжтойг анх нээж хүмүүст найдвар болон айдсын аль алинийг өгч байлаа.
Мэдрэмжийг тусгаарлах танк гэж бий. Хэрэв та түүн дотор орвол юу ч үзэгдэж сонсогдохгүй, үнэрлэх, амтлах, хүртэх мэдрэхүйн эрхтнүүд ямар ч мэдээлэл хүлээн авахгүй. Та зөвхөн өөрийн тархины үүсгэх дүрслэлийг удирдаж, яаж ч зугаацаж болно. Хэрэв орон зайд хурдалмаар санагдвал тэр дороо хурдлана, эсрэгээрээ удааширсан ч болно. Гэхдээ энэ бүхэн зөвхөн таны тархин доторхи төсөөлөл бөгөөд бие махбод огтхон ч хөдлөхгүй. Андрэ Фэнтон энэ сонирхолтой үзэгдлийн нууцыг тайлахаар шийджээ. Үүний тулд эхлээд тархины нууцад нэвтрэх ёстой гэж үзээд судалгаагаа эхлүүлжээ.
Эхний ээлжинд туршилтын хулганад онцлог ой дурсамж үүсгэх оролдлогыг хийв. Хулганыг хавтгай цилиндр хэлбэрийн тавцанд байрлуулж, түүний нэгээхэн хэсэгт орох үед цахилгаан цохилт өгөх төхөөрөмж бүтээжээ. Туршилтаар хулгана цахилгаан цохилтын орон зайг мэдэрсэнээр түүнээс зугтах болов. Хүссэн үр дүндээ хүрч, онцлог ой дурсамж үүсгэх төхөөрөмжийг бүтээсэн боловч үүнийгээ юунд, хэрхэн ашиглах талаар Андрэд ямар нэгэн санаа төрсөнгүй.
Зарим ой дурсамж хүний насанд туршид мартагддаггүй. Гэтэл зарим нь яагаад богино хугацаанд мартагддаг юм бол. Мөн судалгааны төвд хамт ажиллаж, Андрэ Фэнтоны дээд давхарт байрлах Тод Сакторын судалгаа энэ асуултын хариуг олоход чиглэж байгаа юм. Тархины мэдрэлийн эсүүд урт удаан хугацааны туршид тодорхой хэлбэрээр, хүчтэй цочролд орсоноор ой дурсамж хадгалагддаг гэж эрдэмтэд үздэг. Тод Сактор мэдрэлийн эсийн иймэрхүү химийн нөлөөлөл (цочрол)-ийг PKM zeta фермент хангаж байгаа хэмээн таамаглажээ. Үүнийг шалгах хамгийн шилдэг арга нь уг ферментийн ажиллагааг зогсоох замаар удаан хугацааны ой санамж алдагдаж байгаа эсэхийг тогтоох явдал юм.
Харин хэрхэн шалгах вэ. Тэрээр нэг давхар уруудан Андрэгийн өрөөнд очиж, энэ талаар зөвлөгөө хүсчээ. Тэд хэд хэдэн аргын талаар ярилцсан боловч, аль аль нь ямар нэгэн дутагдалтай байв. Эцэст нь Андрэ өөрийн зохиосон төхөөрөмжийг санал болгожээ. Хулганыг төхөөрөмжид байрлуулж, цахилгаан цохилт өгөх замаар орон зайн ой дурсамж үүсгэнэ. Хулганы явсан замыг тодорхойлж, хэрэв цахилгаан цохилтын орон зайд орохгүй байвал шинэ ой дурсамж үүссэн гэдэг нь нотлогдох учиртай.
Дараагийн ээлжинд PKM zeta ферментийн ажиллагааг зогсоох бэлдмэлийг тарина. Үүний дараа цахилгаан цохилтын төхөөрөмжид хулганыг дахин байрлуулж, туршилтыг давтан явуулахад ой дурсамж арилсан эсэхийг мэдэх боломжтой. Туршилтаар хулгана төхөөрөмжийн тавцан дээр анх гарсан мэт хаа хамаагүй гүйж, цахилгаанд дахин дахин цохиулж байв. Түүний ой дурсамж алдагдсан нь нотлогдов. Ферментийн ажиллагааг зогсоосноор тархины мэдрэлийн эсүүдийн химийн нөлөөлөл суларч, ой дурсамж арилдаг байна.
Андрэ нар энэ талын судалгаанд зөвхөн анхны зөв алхамыг хийсэн боловч мэдээллийн хэрэгслүүд түүнийг “ой дурсамжийг арилгагч хүн” хэмээн зарлав. Иймэрхүү мэдээлэлд сэтгэлийн зовлон шаналалд автсан хүмүүс хамгийн ихээр мэдрэмтгий хандаж, олон тооны захидал, элeктрoн шууданг илгээх болжээ. “2 жилийн турш эмчилгээ хийлгэж байгаа боловч ямар ч үр дүн алга..”, “3 жилийн хугацааны ч бай хамаагүй, ой санамжаа арилгуулмаар байна…”, “үнэхээр боломжтой юм бол сайн сайхан дурсамжуудаа ч бас хамт золиослоход бэлэн байна…”, “там мэт өдөр хоногуудаас хурдхан хагацмаар байна…”, “хэрэв хүн дээр турших бол намайг санаж байгаад хамгийн түрүүнд дуудаарай…”.
“Ой дурсамжаа арилгуулахаар олон хүнээс хүсэлт ирсэн боловч тэдгээрийг гүйцэлдүүлэх боломжгүй. Энэ бол эндүүрэл юм. Хүний насан туршид, удаан хугацаанд бий болсон дурсамжуудыг устгавал тэр хүн хэн болж хувирах вэ. Нэг удаа устсан ой дурсамжийг хэзээ ч дахин сэргээх боломжгүй” хэмээн Андрэ Фэнтон хэлсэн байна.