Тарах дээрээ тулж хямарчихаад байгаа УИХ-ын шинэ дарга хэн бэ

Ерөнхийлөгч Х.Баттулгын хамгийн анх санаачилсан хуулиар, гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Лу.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарын санаачилга зүтгэлээр М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Төрийн ордонд парламентын ажил хоёр сар гаруйн хугацаанд гацаж, төв талбайд эсэргүүцлийн цуглаан болж, иргэд сайн дураараа өлсгөлөн зарласан гээд улс төрийн олон үйл явдал дунд одоогийн УИХ дарга ажлаа өгөв. Эрх баригч МАН-ын дотоод хагарал хуваагдал эхлээд өөрсдийнхөө 100 хувь дангаар байгуулсан Засгийн газраа унагасан бол сар шинийн босгон дээр УИХ-ын даргаа огцрууллаа.

М.Энхболд УИХ-ын даргаа өгсөн ч УИХ-ын гишүүн хэвээр үлдсэн гэдгийг мартаж болохгүй. Тэрбээр өөрт нь Монголын улс төрийн сүүлийн 20 гаруй жилийн бүх алдаа завхралыг тохсон хүмүүсээс парламентын танхим дотроос өс хонзон авах уу, үгүй юү гэдгийг цаг хугацаа харуулна. Ямартай ч УИХ-ын даргын суудлаас нь ховхолсон Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, галаар дэмжсэн Ерөнхийлөгч Х.Баттулга, нэр бүхий таван гишүүнтэй тэврэлдээд явна гэхэд итгэхэд бэрх. М.Энхболд Монголын төрд захиран тулгах, өөрийн хүслээр бүхнийг жолоодох жаяг ёс тогтчих вий гэдэгт санаа зовж байна гэж хэлснээс үзвэл нэгийгээ үзэж мэдэх талтай.

Одоо Төрийн ордны өнцөг булан бүрт хариултаа хайсан ганц л асуулт тэнэж явна. УИХ-ын дараагийн дарга хэн бэ. Хуулиар сайн, муугаас үл хамаарч одоогийн 75 гишүүн дотроос спикер тодрох учиртай. Тэр тусмаа УИХ-д анх 65 суудал авч үнэмлэхүй олонх болсон МАН-ын бүлгээс тодорно. Гэвч олонх дотроо хагаралдаантай байгаагаас шатгаалж УИХ-ын дараагийн дарга тийм ч амар тодрохгүй л болов уу. Мэдээж хэрэг МАН-ын дарга У.Хүрэлсүх, тус намын Удирдах зөвлөл ямар зарчим баримтлахаас нэлээн зүйл шалтгаална.

МАН-ын дарга У.Хүрэлсүх өмнө нь М.Энхболдыг ажлаа өгөхийг шаардаж, УИХ-ыг тулхтай, зарчимтай хүнээр удирдуулмаар байгаагаа хэлж байсан удаатай. Түүний энэ үгийг анзаарсан зарим нь одоо Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаа Н.Энхболдыг УИХ-ын даргад зүтгүүлэх байх гэж таамаг дэвшүүлж байна. Гай газар дороос гэгчээр зэвсэгт хүчний дугаар ангийн байлдагч цаг бусаар амиа алдсан эмгэнэлт хэргээс болоод Н.Энхболд тушаал дэвших нь байтугай сайдынхаа суудал дээр дэнжигнэх болов.

Саяхан АН-аас хөөгдсөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөртэй нь хамт жагсаал цуглаан, өлсгөлөн зохион байгуулж яваа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёрын нэгийг спикерээр өргөмжлөх хүсэлтэй байгаагаа олон нийтэд нээлттэй мэдэгдсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад оройлон зүтгэсэн хэрнээ албан тушаалын бялуу хүртээгүй гэдэг өнцгөөр харвал Т.Аюурсайхан, ардаа Ерөнхийлөгчийн ч, Ерөнхий сайдын ч дэмжлэгтэйг нь бодвол Л.Оюун-Эрдэнэ гээд аль алинд нь УИХ-ын даргад нэр дэвших боломж бий. Гэхдээ өөрийнхөө намын Засгийн газрыг, өөрсдийнхөө сонгосон спикерийг өөр намынхантай нийлж унагасан гэх муу нэр, хар тамга тэднийг сүүдэр мэт дагаж байгааг мартаж болохгүй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Х.Болорчулуун нар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр яг ижил байр суурь илэрхийллээ. Тэд УИХ-ын дараагийн даргад нэр дэвшигч МАНАН буюу хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаагүй хүн байх ёстой гэсэн шалгуур гаргаж ирэв. Хэрэв тэдний хэлснийг хэмжүүр болгож харвал ахмадуудаас гишүүн Д.Лүндээжанцангаас өөр хүн энэ шалгуурыг давах боломжгүй. Товчхондоо бол дунд үеийн улстөрчдөөс УИХ-ын даргыг тодруулаарай гэсэн захиас гэж ойлгож болно. Одоогийн улс төрийн нөхцөл байдлаас харахад хагаралдаад байгаа талууд энэ шалгуур дээр илүү ойлголцож, зөвшилцөлд хүрч, МАН доторх дунд үеийн төлөөллөөс УИХ-ын шинэ дарга тодрох магадлал илүү харагдаж байна.

УИХ-ын даргаар сонгогдох хамгийн өндөр магадлалтай нэгэн эрхэм бий. Энэ бол УИХ-ын гишүүн Сү.Батболд. Сүүлийн үед улстөрчийн хувьд чимээгүй, хөшигний ард аядуу зөөлөн байх тактик барих болсон түүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүх, Удирдах зөвлөл дэмжих магадлалтай. Учир нь МАН дотор болж буй бүх зөрчил Сү.Батболд ба түүний нөхөд аль талд нь гарснаар шийдэгдэх болсон. Шуудхан хэлэхэд У.Хүэрлсүхийн Засгийн газрыг огцрох аюулаас аврагдахад, М.Энхболдыг ажлаас нь буулгахад Сү.Батболдын фракцынхан онцгой үүрэг гүйцэтгэсэн. Энэ өнцгөөс нь харвал спикерт нэр дэвших магадлал түүнд бий. Харин нөгөө талдаа Сү.Батболд “Бороо гоулд”, Тавантолгой том ордуудтай нэр холбогдсон, сөрөг имиж өндөртэй нь түүнийг эсэргүүцэх, УИХ-ын дарга болгохгүй байх хангалттай эсэргүүцэл өдөөж чадах эрсдэлтэй.

Ямартай ч хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн УИХ-ын даргыг огцруулах зодоон төгсөж, спикерийн суудлын төлөөх ноцолдоон албан ёсоор эхэллээ.

Б.ТҮВШИНТӨГС

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...