ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мобиком корпораци, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ухуулга, нөлөөллийн ЦАХИМ ОРЧНЫГ ЗӨВ БОЛГОЁ аяныг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлээд байна. Энэхүү аяныг та дэмжсэнээрээ цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгох, олон нийтэд ойлголт, зөвлөгөө зөвлөмж өгөх, аливаа үүсч болох эрсдлээс өөрийгөө болоод гэр бүл, дотны хүмүүсээ хамгаалах, цахим зөв орчинг бүрдүүлж чадах юм.
Аяны хүрээнд ухаалаг утас таны орон зайг хэрхэн хумиж, таныг хэрхэн бусдаас тусгаарлаж буй талаар, утас биднийг хэрхэн өөрчилж буй талаар Сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэнгийн зөвлөгөөг цувралаар хүргэж байна.
Уйдаагаа гаргах гэж хэрэглэж байгаа утас үнэн хэрэг дээрээ гэр бүл, найз нөхдийн харилцааны доройтол, цаг хугацааны хулгайч болох сөрөг талтай
Түм түжгэнэж бум бужигнасан завгүй хотод интернет хэрэглээг ухаалаг гэгдэх утасны ачаар цаг заваа хэмнэх цахим үйлчилгээг авахаас эхлүүлээд уйдаагаа гаргах хүртэл хүн бүр өөрийн чадах ядахаараа л ашиглаж байна.
Түүнчлэн хөдөө, орон нутгаар аялалд явахдаа ч дотнын хэн нэгнээс илүү утасны сүлжээг шалгаж интернет орохыг санагалзана. Уул шугамдаа хийсвэр ертөнцөөс холдож байгаль эхдээ ойртон бодит мэдрэмжийг мэдрэх нь илүү гайхалтай юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын ухаалаг иргэдийн чиг хандлага ч цахим сүлжээнээс аль болох зугтсаар байна.
Ихэнх хүмүүс гар утсаа шагайцгааж, өөр нэг ертөнц рүү аялаад явчихна. Тэрхүү шинэ ертөнц нь нэг бодлын хүн төрөлхтнийг мэдээллээр тэжээн тэтгэж, өөр хоорондоо харилцах гүүр нь болж байгаа ч нөгөө талаараа хүний оюун ухааныг нэг тийшээ юүлээд аваад явчих шиг л болох юм. Энэ нь гэр бүл, найз нөхдийн харилцааны доройтол, цаг хугацааны хулгайч болох сөрөг талтай.
Сонирхолтой нь зарим хүмүүс гар утсаа харангаа алхаж яваад шонгийн мод мөргөсөн ч тохиолдол багагүй байдаг. Гэхдээ сүүлийн үед хүн гар утсаа ашиглангаа сурамгай нь аргагүй өөр зүйлс хийх чадвартай байдгийг судлаачид илрүүлжээ.
Ухаалаг утасны хэрэглээ хүн төрөлхтний төрөлх чадваруудад нөлөөлж эхэлсэн байна
Бразилын судлаачид хүн гар утсаа ашиглангаа алхаж явахад саадыг маш хянамгай даван туулж байгааг судлан тогтоожээ. Энэхүү судалгаанд оролцогчдын нэг хэсгийг нь ном уншингаа, нөгөө хэсгийг нь гар утсаа оролдонгоо саадтай талбайгаар алхаж хэр хугацаанд бүдэрч, бүдчилгүй тухайн даалгаврыг амжилттай дуусгахыг ажигласан байна.
Уг судалгааны үр дүнд хүн гар утас оролдонгоо алхахад тухайн хүний анхаарал болон хөдөлгөөний зохицуулалт удааширсан ч хянамгай байж, саадыг чадамгай тойрон гарч байгаа нь судлаачдын анхаарлыг ихэд татсан байна. Харин ном уншингаа алхалт хийсэн хэсэг хүмүүсийн анхаарал нь төвлөрч чадахгүйгээс гадна саадыг тойрон гарах байтугай бүдчин, зарим нь бүдэрч унаж байсныг онцолжээ.
Та гар утасныхаа дагуул сүүдэр нь болсон
Техасын Их сургуулийн судлаач Adrian Ward-ийн хийсэн саяхны судалгаагаар хүний тархинд ухаалаг утас орон зайн хувьд нөлөөлж эхэлсэн талаар мэдэгдсэн байна.
Түүний судалгаанд 700 гаруй хүн оролцжээ. Судлуулагч нарын гар утсаа оролдох эсэхээс үл хамаарч гар утсаа хажуудаа байлгах төдийд хүний танин мэдэхүйн чадвар эрс буурч байгаа үзүүлэлтүүд илэрчээ. Энэ нь хүн гар утсанд хэт их найдсанаас тархины үйл ажиллагаанд буруу дадал зуршил сууж хүн гар утсаа харах төдийд өөрөө сэтгэн бодохоосоо илүү гар утсаараа асуудлыг шийдвэрлэх командыг тархиндаа өгдөг болсныг тогтоожээ.
Урагт бойжиж буй хүүхэд ухаалаг утас ашиглах чадварыг эзэмших болж
Хэсэг судлаачид орчин цагт гар утас ихээр ашигладаг эхээс төрж буй хүүхэд ухаалаг утас ашиглах төрөлхийн чадвартай мэндэлж байгааг онцолжээ. Энэ нь хүн төрөлхтний хувьсалд ухаалаг утас өөрийн гэсэн нөлөөллөө үзүүлж буйг илтгэж байна.
Харин бид ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах бус хэрхэн ухаалаг утсыг зөв зохистой ашиглах талаар бодож эхлэх нь зүйтэй юм.
Ухаалаг утсанд дарлуулахгүй байх оновчтой хэрэглээ:
- Дээр дурдсанчлан ухаалаг утас орон зайн хувьд бидэнд нөлөөллөө үзүүлж эхэлсэн тул аливаа зүйлд анхаарал төвлөрүүлэн гүйцэтгэх үедээ гар утсаа өөр өрөөнд үлдээх эсвэл бүр шургуулгадаа хийж тавихыг зөвлөж байна. Ингэснээр бид тухайн ажлаа богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэх боломжтой болно.
- Ухаалаг утасныхаа сэрүүлгийг ашиглан өдрийн хувиарт ажлаа төлөвлөн жагсаалт гаргаж өөртөө цагийн менежмент хийж болно.
- Аль болох ухаалаг утсан дээрээ цаг нөхцөөх тоглоом суулгахгүй байхыг хичээгээрэй, ингэснээр та цаг ямагт гар утсаа оролдох шалтгаан гарахгүй.
- Гар утсандаа өөрт хэрэгтэй апплэкейшн суулгах. Жишээ нь өөрийн алхалтыг байнга хянаж хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж болно.
- Аливаа цахим хаягаас ирэх мэдээллийг гар утасны дэлгэцэнд мэдээлэхгүй байх тохиргоог хийж нүүр номоор, твитерээр аялах цаг хугацаагаа хэмнэж болно.
- Байнга хэрэглэдэг апплэкейшнуудаа ухаалаг утасныхаа эхний нүүрэнд хамтад нь байршуулаарай, ингэснээр та нэгдүгээрт цаг хэмнэнэ, нөгөөтээгүүр бусад хэрэгцээгүй апп орох боломжийг үгүй хийнэ.
Эцэст нь хэлэхэд та өөртөө ухаалаг утаснаас илүү ухаантайгаа үргэлж сануулж байгаарай, үгүй бол бид гар утасны хамааралд автах боломжтой болсон байна.
Эх сурвалж: ЦЕГ- Урьдчилан сэргийлэх хэлтэс
|