Монгол Улсын Засгийн газраас санаачлан Барилга хот байгуулалтын яамны захиалгаар “Эко Тайхи” ХХК Япон улсын “Эко энержи систем” ХХК-тай хамтран “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж, эко бордоо үйлдвэрлэх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төв цэвэрлэх байгууламжид 50 гаруй жилийн турш хуримтлагдсан лагийг эко бордоо болгох дээрх төсөл нь хоёр жилийн хугацаатай хэрэгжих юм. Өнгөрсөн зургаадугаар сард эхэлсэн тус ажил одоогоор 30 орчим хувьтай явж байгаа аж.
Энэ талаар “Эко Тайхи” ХХК-ийн захирал Ш.Ганчимэгээс тодруулахад “Ажлын явц 30 орчим хувьтай явж байна. Хийгдэж байгаа ажил маань цар хүрээ ихтэй, ажиллагаа шаарддаг. Тодруулбал, модны үртэс болон хаягдал модон дээр Япон улсаас импортоор авч байгаа ашигтай бактерийг нэмж идэвхжүүлэн бэлдэц гаргаж лагтай хольсоноор лагийн үнэрийг дарж тодорхой хугацааны дараа эко бордоо болох юм. Лагийг 20 гаруй техникээр нэгэн зэрэг ухаж боловсруулан бордоо болгох талбай руу зөөвөрлөх явцад үнэр гарч байгаа. Гэхдээ тодорхой хугацааны дараа үнэр алга болж бордоо болох процесс эхэлнэ. Харин Төв цэвэрлэх байгууламж руу ирж байгаа өдөр тутмын шингэн лагийг үнэргүй болгох ажил маш сайн хийгдэж байна” гэсэн юм.
Төслийн удирлагч, “Эко энержи систем” ХХК захирал Азечи Саданори “Ажлын явцыг Япон улсын мэргэжилтнүүд ирж байнгын хяналт тавьж хамтран ажиллаж байгаа. Лагаас гаргаж авсан бордоог байгалийн нөхөн сэргээлт болон мод тарих ажилд түлхүү ашиглаасай гэж хүсч байна. Учир нь туршилтаар энэхүү бордоог ашигласан мод чийгээ алддаггүйг тодорхойлсон” гэдгийг онцлон хэлсэн юм.