БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жихөн тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад 2018 оны 07 сарын 3-7-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ.
Ли Жихөн даргыг Монгол Улсад айлчлах ажлын айлчлалыг зохион байгуулж, хоёр улсын хооронд тогтоосон их бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Монгол Улсын Гадаад Хэргийн Яам болон Монгол улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ нар чухал үүрэгтэй оролцжээ.
БНХАУ-ын ӨМӨЗО нь хувьд 20 сая хүн амтай бөгөөд манай улстай урд хилийн зорчигч тээврийн 8 боомтоор, Хөх хот, Манжуур, Бугат, Эрээн гэсэн агаарын хилийн 4 боомтоор хиллэдэг стратеги түншлэлийн чухал орон юм.
ӨМӨЗО-ны дарга Ли Жихөнхугийн манай улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөгжил шинэтгэлийн хороон дарга Гун Минжү, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Гадаад хэрэг эрхлэх газрын дарга Фу Юнчун, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны газрын дарга Сун Вэйдун, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны тамгын газрын хэлтсийн дарга Жан Яочэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Гадаад хэрэг эрхлэх газрын ажилтан орчуулагч Журамт нарын албаны хүмүүс оролцсон байна.
ӨМӨЗО-ны дарга Ли Жихөнху тэргүүтэй албаны хүмүүс Монгол улсад айлчлах хугацаандаа Монгол улс – БНМАУ-ын ӨМӨЗО-ны Худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форумд оролцон, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхан, УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Г.Занданшатар, ГХ-ны сайд Д.Цогтбаатар нартай албан уулзалт хийжээ.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ли Жихөнху даргыг хүлээн авч уулзсан уулзалтандаа хэлсэн үгэндээ “Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчлан, Боаогийн чуулга уулзалтад оролцсон. Энэ үеэр эрхэм зочин Ли Жихөнтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсондоо сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд цаашид Монгол улсын хувьд ӨМӨЗО-той хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, мөн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, цөлжилтөөс хамгаалах чиглэлээр ӨМӨЗО-ны хуримтлуулсан туршлагыг судалж нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа дурьдаж Баяннуур аймагт болсон уулзалтын мөрөөр хилийн боомтуудын хамтын ажиллагаанд ахиц гарсанд талархаж байгаа” гэдгийг тэмдэглэн хэлэв.
ӨМӨЗО-ны дарга Ли Жихөнху “БНХАУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаанд ӨМӨЗО чухал байр суурь эзэлдэг гэдгийг онцлон дурьдаад цаашид хоёр орны аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн харилцаа, соёл, хүмүүнлэг, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байна гэв. Хилийн боомтууд, чөлөөт бүс, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийллээ.
ӨМӨЗО-ны дарга Ли Жихөнху тэргүүтэй зочид Монгол улсад хийсэн аялалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жинпинь даргын санаачилсан “Нэг зам-Нэг бүс” эдийн засгийн хамтын ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх боломжийг судлах, Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг нээх, ачаа тээврийн хурдны замыг байгуулах нөхцөл шаардлагатай газар дээр нь танилцах зорилгоор албаны хүмүүсийн хамтаар Монгол улсын хойд хилийн боомт болох Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших Алтанбулаг эдийн засгийн чөлөөт бүсэд 7 сарын 6-ны өдөр зочилсон бол, өнөөдөр урд хилийн боомтод орших Замын-Үүдэд эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцснаар албан ёсны айлчлал нь өндөрлөх юм байна.
Ли Жихөнху даргыг Монгол улсад айлчлах, хойд урд хилийн эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцуулах арга хэмжээг Монгол улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ хариуцан амжилттай зохион байгуулсан байна.
ӨМӨЗО-ны дарга Ли Жихөнху дарга тэргүүтэй албаны хүмүүсийн энэ удаа Монгол улсад хийсэн ажлын айлчлал нь хоёр орны, тэр тусмаа ӨМӨЗО-той хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжин хөгжиж боломжийг бий болгосон төдийгүй Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг нээх, энэ чиглэлийн зам дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой айлчлал боллоо гэж албаны хүмүүс дүгнэжээ.
Ц.Мөнх