“Зүүн хойд Азийн орнуудын энх тайвны хамтын ажиллагаанд залуучуудын оролцоо” сэдэвт илтгэлийн тэмцээн 05 сарын 09-нд ШУТИС-ийн төв байранд боллоо.Уг тэмцээний зорилго нь зүүн хойд Азийн орнууд болох Орос, Монгол, Хятад, Тайван, Япон улсуудын энх тайван, найрамдалт харилцаанд залуусын анхаарлыг хандуулах, тэдний хувь нэмрийг оруулах, бодитой оролцоог бий болгох аж. Үүний тулд залуус баг бүрдүүлэн төсөл бичиж тэмцээнд оролцжээ.
Тэмцээнийг хоёр сарын өмнөөс зарласан бөгөөд нийт найман их, дээд сургуулийн 69 оюутан 22 баг болон эхний шатанд төслийн материалаа ирүүлжээ. Үүнээс есөн багийн төсөл шалгарч, илтгэлийн тэмцээнд орох эрхээ авсан байна. Уралдааны шүүлтээр тэмцээний зорилгын дагуу хамгийн хэрэгжих боломжтой, бүс нутгийн нийтлэг сонирхлыг агуулж чадсан гурван төслийг байр эзлүүлж өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав.
Нэгдүгээр байр эзэлсэн “Трайлерпарк” багийн гишүүн Ч.Урианхай хэлэхдээ: “Сүүлийн үед залуучууд их зүйл судалдаг, бас уншдаг болсон. Энэ чадвар мэдлэгээ гаргах боломж бололцоо харьцангуй тааруу байдаг гэж боддог. Харин энэ тэмцээнд оролцсоноор шинэ мэдлэг чадвараа бусадтай хуваалцах сайхан боломж гарлаа. Манай багийнхан вэб сайт хөгжүүлэх хоббитой. Тэгээд дэлхийн залуусыг хооронд нь учруулж хөгжүүлэх зорилгоор авьяас солилцох uizhen.com нэртэй аппликэшн болон вэб сайт хийж энэ уралдаанд оролцлоо. Багийн гишүүд маань Б.Түмэнбаяр Г.Нямдорж нар, бид ШУТИС-ийн оюутнууд”гэв.
“24” багийн гишүүн Ю.Хүслэн: “Бид энэ тэмцээнд орохдоо хог хаягдлын менежментийг авч үзсэн. Бусад улс орнууд хогыг дахин боловсруулах арга замыг нээн ажилласан байдаг бол бид үүний дараагийн шат буюу дахин боловсруулсан бүтээгдэхүүн маань урт хугацаанд хэрэглэгдэж болохуйц байхад анхаарч төслөө бичсэн. Жишээ нь хогоо дахин боловсруулаад түүгээрээ гэрлийн шон, сандал, хар зам, гулсуур тоглоом зэргийг хийвэл эх орон маань хогноосоо салж болох байх гэж бодсон.”
Уг тэмцээнийг тав дахь жилдээ зохиож байгаа бөгөөд хамтран зохион байгуулагч Дэлхийн энхийн их наадам ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Сэрдарам оюутнуудад хандаж: “Энд дэлгэн тавьсан та бүгдийн төслийн санаа, хийсэн судалгаа, хэрэгжүүлж үзсэн байдлыг харах сайхан байна. Тэргүүн байр аваагүй юм чинь гээд төслөө битгий шидээрэй. Тууштай хөдөлмөрлөсөн хүн амжилтад хүрнэ гэж илтгэлийн явцад нэг нь хэлсэн. Манайх бусад орныг бодвол маш тайван, айх аюул багатай. Энэ нь өсөж хөгжих, хийж бүтээх бүрэн боломжтой гэсэн үг” гэлээ.