“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны түрээслээд өмчлөх хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг аравдугаар сарын 10-24-нд 100 хувь цахимаар зохион байгуулахаар болжээ. Иргэдийг www.tosk.gov.mn цахим хуудсаар бүртгэнэ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэд арваннэгдүгээр сарын 1-нээс орон сууцандаа нүүж орох боломжтой.
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦ ГЭЖ ЮУ ВЭ?
Түрээслээд өмчлөх орон сууц гэдэг нь иргэн орон сууцыг түрээслэн ашиглахын зэрэгцээ өмчлөх зорилгоор нэмэлт төлбөр хуримтлуулж, орон сууцны үнийн дүнгийн тодорхой хувийг бүрдүүлсний дараа орон сууцны зээлд хамрагдан тухайн орон сууцыг өмчлөх боломжтой хэлбэр юм. Энэ хүрээнд иргэн тав хүртэлх жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлж хуримтлал үүсгэнэ. Урьдчилгаа төлбөрийн хэмжээг өмнө нь 30 хувь байхаар тооцож байсан бол 15 хувь болгон бууруулсан байна. Мөн ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлжээ.
Орон сууцны нэг метр квадратын үнийг 4 сая 428 мянган төгрөгөөр тооцож байгаа ажээ.
ХЭН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Түрээслээд өмчлөх орон сууц нь зорилтот бүлгийн иргэдэд зориулсан бөгөөд дараах иргэд хамрагдах боломжтой байна. Үүнд:
- Төрийн албан хаагч;
- Хувиараа бизнес эрхлэгч;
- Залуу гэр бүл;
- Ахмад настан;
- Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл;
- Өрх толгойлсон иргэн;
- Байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон өрх;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн.
Иргэд ДАН системээр бүртгэлээ илгээх юм.
ЯМАР ШААРДЛАГА ТАВИХ ВЭ?
Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах иргэн дараах үндсэн шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Улаанбаатар хотод байнга оршин суудаг, эрх зүйн бүрэн чадамжтай, 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх;
- Гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай орон сууцгүй, эсхүл өмнө нь орон сууц өмчилж байгаагүй байх;
- Тогтвортой ажлын байртай, тухайн байгууллагадаа нэгээс дээш жил ажилласан байх;
- Өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас илүүгүй нь түрээс болон орон сууц өмчлөх төлбөрийг төлөхөд хүрэлцэхүйц байх;
- Шүүхийн шийдвэрийн дагуу өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх;
- Төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт өмнө нь хамрагдаагүй байх;
- Түрээсийн орон сууцанд хамрагдах бусад шаардлагыг хангасан байх.
Мөн орон сууцны нийт төлбөрөөс иргэн өөрийн боломжит хэмжээгээр урьдчилгаа төлбөр төлөх боломжтой гэж мэдээлжээ.
ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР ХЭД БАЙХ ВЭ?
Улаанбаатар хотын түрээсийн орон сууцны үнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан шинэчилсэн зохицуулалтаар 1 метр квадратын түрээсийн төлбөрийг 11-15 мянган төгрөг байхаар тооцжээ. Харин түрээслээд өмчлөгч гэрээнд заасан төлбөрийн хуваарийг 14 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор байна.
“СОЛОНГО-1, 2” ТӨСӨЛ
“Солонго-1, 2” орлогод нийцсэн орон сууцны хорооллыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд байгуулж байна. Тус төсөл нь 17.19 га талбайд, БНСУ-ын Засгийн газрын 266.885 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй бөгөөд нийт 5002 айлын, 66 блок орон сууцны хороолол байхаар төлөвлөгджээ. Барилга угсралтын ажлыг 2024 оны гуравдугаар сард эхлүүлжээ. Эхний ээлжийн 2042 айлын 27 блок барилгыг 2026 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Орон сууцнууд нь 42-52 метр квадрат талбайтай, хоёр болон гурван өрөө байр байх юм. Төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, нарны эрчим хүчний хураагуур, дуу тусгаарлагч, галын дохиолол, хяналтын камер, домофон болон нэвтрэх систем зэрэг шийдлийг тусгасан байна.

