“Шинэ тойрог зам” төсөл нь хотын төвийн хөдөлгөөнийг гадагш чиглүүлж, замын ачааллыг тэнцвэржүүлэх зорилготой. Дэлхийн олон улс оронд түгжрэлийг бууруулсан энэ шийдлийг нийслэлд нутагшуулж, “Нэгдүгээр тойрог зам” болон “Хоёрдугаар тойрог зам” болгон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
“Нэгдүгээр тойрог зам” нь нийслэлийн төвийн бүсээр дайрсан, хотын гол зам, гудамжуудыг холбох бөгөөд Яармагийн шинэ гүүрнээс эхэлж ТЭЦ-3-ын авто замын уулзвартай холбогдоно. Түүнээс цааш Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Баянхошууны уулзвар, Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал, Да хүрээ, Хилчиний гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөөгөөр дайран өнгөрч, Дүнжингаравын орчимд Туулын хурдны замтай хоёр түвшинд огтлолцох юм. Энэ нь хотын төвийн авто машины хөдөлгөөнийг хурдыг нэмэгдүүлж, замын ачааллыг бууруулах үүрэгтэй тойрог зам болно. Авто замын нийт урт нь 24.79 км байх бөгөөд үндсэн зорчих хэсэг нь 6 эгнээ, туслах зам нь 4 эгнээ, нийт 7 олон түвшний уулзвар бүхий иж бүрэн сүлжээтэйгээр төлөвлөгдсөн. Төслийн инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг баталсан билээ.
“Хоёрдугаар тойрог зам”-ын техник, эдийн засгийн үндэслэл болон урьдчилсан зураг төслийн боловсруулалт 95 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Энэхүү төсөл нь хотын захын бүсийг хамарсан, хоёр хэсэг маршруттай. Нэгдүгээр хэсэг нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Хоёрдугаар хэсэг нь зүүн бүсэд байрлах бөгөөд Баянзүрх дүүргийн 24-р хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын замын дагуу яваад Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөж байна. Ингэснээр хотын зүүн болон баруун захын хөдөлгөөнийг төв замд ачаалал үүсгэлгүйгээр холбох мөн тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих юм. Ингэснээр хотын захын дүүрэгт оршин сууж буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөл бүрдэнэ. Энэхүү авто зам нь нийт 21.32 км урттай бөгөөд хотын зүүн болон баруун бүсийн гэр хороолол, авто замын сүлжээ сул хөгжсөн бүсүүд, уулархаг газар болон голын саадыг дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн.
Шинэ тойрог зам төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэж, иргэдийн зорчих хугацаа болон шатахуун, тээврийн зардал буурах, нийтийн тээврийн үйлчилгээний үр ашиг дээшлэх, явган болон дугуйн хөдөлгөөнд ээлтэй орчин бүрдэх зэрэг олон талын эерэг үр нөлөө бий болно.

