Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах замдаа гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах, автомашины хөдөлгөөн ихтэй бүсээр зорчих, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, гэрэлтүүлэг, камержуулалт хангалтгүй хэсгээр явах зэрэг эрсдэлтэй нөхцөлтэй тулгардаг.
Иймд сурагчдын аюулгүй зорчих орчныг бүрдүүлэхэд төрийн байгууллага, сургууль, эцэг эх, асран хамгаалагч, иргэдийн хамтын ажиллагаанд суурилсан цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. “Сургууль хүрэх зам” төсөл ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрээс сургууль хүртэлх аюулгүй зорчих орчныг бүрдүүлж, зам тээврийн осол, гэмтлийн эрсдэлийг бууруулан, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Тус төслийг зохион байгуулахдаа олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлнэ гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Эхний ээлжид алхахад тухтай явган зам, сайн зохицуулалттай гэрлэн дохио, стандартад нийцсэн хурд сааруулагчтай байх шаардлага тавьж байна” гэв. Мөн сургуулийн орчинд хурд хэтрүүлсэн, аваар осол гаргасан жолооч нарт тооцох хариуцлагын асуудлыг эргэж харахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

