Улаанбаатар хотноо 197 орны төлөөлөгч чуулах СОР17 хурал эхэллээ

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн улс орнуудын шийдвэр гаргагчид, эрдэмтэд, бизнесийн төлөөлөл, иргэний нийгэм болон малчид нэг дор чуулж, шийдэл эрэлхийлэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна. Монгол Улсад анх удаа зохиогдож буй энэхүү хурлаар, дэлхийн хэмжээнд хурдацтай нэмэгдэж буй газрын доройтол, цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, усны нөөцийг хамгаалах, бэлчээр болон хүнсний тогтолцоог тогтвортой болгох асуудлыг хэлэлцэнэ. СОР17 бага хуралд 196 орны 12.230 төлөөлөгч оролцохоор албан ёсоор бүртгүүлжээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын мэдээллээр Монгол Улсын 1.56 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийн бараг 77 хувь нь газрын доройтолд өртсөн байна. Тиймээс COP17-г Монголд зохион байгуулснаар зөвхөн Монголын цөлжилтийн асуудалд бус, хуурай бүс нутгийн бэлчээр, малчдын амьжиргаа, усны хомсдол, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудалд дэлхий нийтийн анхаарлыг төвлөрүүлэх боломж бүрдэх юм. COP17 Монгол Улсад зохион байгуулагдаж буй нь бас нэг онцлогтой бөгөөд НҮБ-аас 2026 оныг “Олон улсын бэлчээр ба малчдын жил” болгож, уг санаачилгыг Монгол Улс дэвшүүлэн ажилласан билээ.

Дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг бэлчээр эзэлдэг бөгөөд ойролцоогоор 500 сая хүний амьжиргаа бэлчээртэй шууд холбоотой байдаг. Гэсэн хэдий ч бэлчээр нь газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд улам их өртөж буй экосистемийн нэг болсоор байгаа юм. Иймээс COP17-гийн хүрээнд бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, малчдын амьжиргааг хамгаалах, уламжлалт мэдлэгийг шинжлэх ухаан, орчин үеийн технологитой хослуулах асуудал чухал байр суурь эзэлнэ.

“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (IYRP) болон “Торгоны замын жингийн цуваа” малчдын тунхаглалуудыг COP17-д хүргэснээр өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаа эхлэх юм. COP17-ийн анхны хуралдаанаар чуулганыг албан ёсоор нээж, Ерөнхийлөгчийг сонгоно. Мөн шинээр сонгогдох COP17-ын Ерөнхийлөгч, UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, бүс нутгийн болон сонирхлын бүлгүүд, иргэний нийгмийн төлөөлөгчид үг хэлнэ.

Илтгэгчид:

  • Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-г зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад
  • Монгол Улсын Гадаад харилцааны сайд, UNCCD COP17-ийн Ерөнхийлөгчөөр томилогдсон Б.Батцэцэг
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчны дэд сайд, UNCCD COP16-ийн Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Осама Факеха
  • Мариолди Санчес Сантиваньес – Латин Америк ба Карибын тэнгисийн бүс
  • Эллен Отару-Окоэдион – Африк
  • Амия Прапан Чакра Борти – Ази
  • Энди Моррис – Баруун Европ
  • Сопико Бабалашвили – Төв ба Зүүн Европ

Хэвлэлийн бага хурлаар COP17-ийн тэргүүлэх чиглэл, хүлээгдэж буй үр дүн, Монгол Улсын бага хурлын талаарх алсын хараа, UNCCD COP16-naн Ерөнхийлөгчийн үүргийг COP17-д шилжүүлэх үйл явц, мөн ирэх хоёр долоо хоногт Засгийн газруудын хэлэлцэх гол асуудлуудыг танилцуулна. Түүнчлэн COP17-ийн хэлэлцээ эхэлж буй энэ үедиргэний нийгмийн байр суурь, тэргүүлэх чиглэлүүдийг онцлон танилцуулах ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн...

Хотын залуу дарга 30 жилийн ужгирсан тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна

Төрийн байгууллагын хүнд суртал иргэдийн амьдралд чөдөр тушаа болдог....

Нийслэлийн замын хөдөлгөөнөөс өдөрт 316-1800 том оврын автомашиныг гаргах боломж бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.08.13/ стратегийн ач...

“Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд нэгдсэн залуус Д.Сүхбаатарын талбайг угаалаа

Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулж илүү цэвэрхэн, тухтай орчныг...