Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, СДАХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр болон бусад албаны төлөөллүүд Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж зэрэг тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгч Ш.Адьшаа “Ахмад настны тухай хуульд тусгагдсан эрх, баталгааг бүрэн хэрэгжүүлэхийн тулд төр, иргэний нийгмийн байгууллага, ахмадын холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг онцолж, ахмад үеийнхний эрх ашиг хамгаалагдаж, тэдний амьдралын баталгаа сайжирсан цагт нийгмийн хөгжил илүү тогтвортой байх болно” гэдгийг онцолсон юм.
Монгол Улсад 2026 оны эхний улирлын байдлаар нийт 431.6 мянган ахмад настан байгаа нь нийт хүн амын 11 гаруй хувийг эзэлж байна. Цаашид хүн амын насжилт нэмэгдэхийн хэрээр ахмад настны эрх, нийгмийн хамгааллыг сайжруулах асуудал нь нийгмийн бодлогын чухал чиглэл болоод байгааг уулзалтад оролцогчид онцоллоо.
Түүнчлэн ХЭҮК-ын судалгаагаар ахмад настнуудын дийлэнх нь тэтгэвэр нь амьжиргааны үндсэн хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар хангалтгүй, шаардлагатай эм, оношилгоо, сэргээн засах үйлчилгээний зардал өндөр байгааг онцолсон байна.
Мөн хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадуудад насны ялгаварлан гадуурхалт, ажлын байрны хомсдол тулгарч, нийгмийн амьдралд оролцох боломж хязгаарлагддаг гэж дүгнэжээ.
Уулзалтын төгсгөлд ахмад настнуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтарч ахмадуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох төрийн байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлэх, ахмад настны эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

