Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг 1970-аад оны үед Зөвлөлт Холбоот Улсын инженерүүд үерийн уснаас сэргийлэх зорилгоор барьсан. Гэвч замбараагүй газар олголтоос үүдэн уг байгууламж үндсэндээ эвдэрсэн. Ногоон нуурын ус тунгаах байгууламж нь хотын төв рүү урсах үерийн усны урсгалыг сааруулж, “Бөмбөгөр” орчмыг үерт автахаас сэргийлдэг чухал ач холбогдолтой юм. Тиймээс баяр наадмын өдрүүдэд үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор Геодези, усны барилга байгууламжийн газрын инженер техникийн ажилтнууд гинжит 3000 экска, гинжит 55 экска зэрэг техник хэрэгсэлтэйгээр Ногоон нуур орчимд ажиллаж байна. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажлын явцыг шалган, холбогдох албаныханд үүрэг өглөө.

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан:
“Улаанбаатарт 1990 оноос хойш газар эзэмшилт замбараагүй болж, Ногоон нуур орчимд айлууд шороо түрж буусан. Улмаар Ногоон нуурын ус тунгаах байгууламж нурж эвдэрсэн бөгөөд үерийн усыг тогтоох боломжгүй болсон. Үерийн ус ихээр урсаж, “Бөмбөгөр” худалдааны төв орчмын хамгаалалтын далан халих эрсдэл үүсээд байгаа юм. Тиймээс эрсдэлээс сэргийлж, хамгийн энгийн аргаар буюу шороон далан босгож ус тогтоох ажлыг хийж байна. Мөн ус тунгаах хэсгийг механик тоног төхөөрөмжөөр гаргаж, үерийн хамгаалалтыг сайжруулж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва:
“Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг анх 1970-аад оны үед Зөвлөлт Холбоот Улсын инженерүүд үерийн уснаас сэргийлэх зорилгоор барьсан. Мөн Баруун дөрвөн зам, Андууд, 10 дугаар хорооллын арын үерийн хамгаалалтын даланг байгуулж, хотын төвийн бүсийг үерийн эрсдэлээс хамгаалах инженерийн цогц шийдлийг хэрэгжүүлсэн юм. Харин сүүлийн жилүүдэд хотжилт ихсэж, Ногоон нуур орчимд хөрс шороогоор дүүргэлт хийж газар бий болгон айл өрхүүд суурьшсанаар тус ус тунгаах байгууламж үндсэндээ байхгүй болсон.
Нийслэлийн зүгээс Ногоон нуурын газрыг чөлөөлж, ХААН банктай хамтран цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна. Ингэхдээ хуучны инженерийн шийдлийг хадгалан, үерийн ус тунгаах хэсгийг сэргээн байгуулж, Дэнжийн мянга болон 39 дүгээр сургууль орчмоос урсах үерийн ус, цаашлаад Бөмбөгөрийн хажуугаар үерлэх усыг тогтоох хиймэл нуур байгуулна.
Геодези, усны барилга байгууламжийн ажилтнууд шөнийн турш техник хэрэгсэлтэйгээ ажиллаж, наадмын үеэр үүсэж болох үерийн эрсдэлээс хамгаалах бэлтгэлийг хангаж байна. Ногоон нуурт байгуулах инженерийн шийдлээр хотын төв рүү орох үерийн усны урсгалыг сааруулж, Бөмбөгөр орчмыг үерт автахаас хамгаална” гэв.

