М.Чимэддорж: НӨАТ-ын босгыг нэмэх бус, хувь хэмжээг нь 10 хувиас бууруулах нь оновчтой

Ардчилсан намаас өнөөдөр зохион байгуулсан “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Татварын дарамтаас чөлөөлөх багц хуулийн төсөл”-ийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж:

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хуулийн төсөл нь бодит байдал дээр бизнес эрхлэгчдийг дэмжих бус, харин эдийн засгийн хүндрэлтэй үед дарамтыг улам нэмэгдүүлсэн шинжтэй байна. Өнөөдөр макро эдийн засгийн алдаатай бодлогын улмаас хөрөнгө оруулалт саарч, инфляц өсөн, улсын төсөв тасалдах хэмжээнд хүрээд байгааг Засгийн газрын гишүүд өөрсдөө ч хүлээн зөвшөөрч, ирэх зургадугаар сард төсвийн тодотгол хийхээр төлөвлөж байна. Ийм нөхцөлд аж ахуйн нэгжүүд татвар төлөх дургүйдээ бус, үйл ажиллагааны орлогогүй болж, боломжгүй байгаадаа татвараа хугацаандаа төлж чадахгүй байна. Гэтэл шинэ хуулийн төсөлд татвараа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд ирээдүйд олох орлогын 80 хувийг үл маргах журмаар шууд суутгахаар заасан нь ААН-үүдийг дампуурал руу түлхэх аюултай юм.

Олсон орлогынхоо 80 хувийг татварт хураалгасан байгууллага үлдсэн 20 хувиар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, ажилчдын цалин тавих боломжгүй тул энэ заалтыг наанадаж 50 хувь болгож бууруулах шаардлагатай байна. Түүнчлэн татварын байцаагч үндэслэлгүйгээр илүү татвар ногдуулсан бол түүнийхээ 50 хувиар татвар авна гэх мэт ойлгомжгүй, хариуцлагагүй заалтууд орсон нь төрийн зүгээс татвар төлөгчдөд хүндрэл учруулж буйн нэг илрэл юм.

НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийн үнэлгээгээр өндөр оноо авсан ААН-үүдэд татвар төлөлтийг хоёр жилээр хойшлуулах боломж олгож байгаа нь өнгөн талдаа дэмжлэг мэт харагдах боловч практик дээр зөвхөн уул уурхай, банк санхүүгийн салбарын томоохон компаниудад зориулагдсан хөнгөлөлт болжээ. Харин татвараа арай ядан төлж буй жижиг, дунд бизнесүүд энэ босгыг давах боломжгүй байна. НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн нь ч эдийн засагт сайн үр дагавар авчрахгүй бөгөөд татвар төлөгч ба төлөгч бус гэсэн хоёр тусдаа тогтолцоо үүсгэж, шударгаар татвар төлөгчдийг хохироох эрсдэлтэй.

НӨАТ-ын босгыг нэмэх бус, хувь хэмжээг нь 10 хувиас бууруулах замаар асуудлыг шийдэх нь зүйтэй.

Онцгой албан татварын хувьд 100 мянган ам.доллараас дээш үнэтэй автомашины татварыг 33 хувь болгож нэмэгдүүлсэн нь заль мэх ашигласан зохицуулалт гэж харагдаж байна. Учир нь төрийн байгууллагууд 2026 оны худалдан авалтын тендерээ аль хэдийнэ зарлаж дуусгаад, наадмын дараа иргэдийн худалдан авалт эхлэх үеэр энэ татварыг хэрэгжүүлж байгаа нь шударга бус юм.

ААН-ийн орлогын албан татварт 15 хувийн шинэ шатлал нэмж байгаа нь татварын реформ биш, харин өргөжин тэлэх гэж буй компаниудыг жижиг байхыг шаардсан арга ядсан оролдлого юм. Мөн Хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлт нь өмнөх шатлалтай татварын бодлогын алдааг засч чадахгүй байна. Сайн боловсрол эзэмшиж, өндөр цалин авч буй иргэдийнхээ эсрэг 20 хувийн татвар ногдуулсан нь хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулж байгаа хэрэг.

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд толгой болон охин компаниудын хоорондох давхар татварыг арилгах, томоохон төслүүдийн эхэн үед гардаг алдагдлыг орлогоосоо шилжүүлэн тооцох боломжийг бүрдүүлэх зэрэг бодит реформууд өнөөдөр юу юунаас илүү чухал байна.

Ардчилсан намын дэргэдэх “Гэрэгэ” бодлогын хүрээлэнгийн захирал Х.Номингэрэл:

-Ардчилсан намаас 2026 оны тавдугаар сарын 22-ны өдөр “Чөлөөт зах зээлийн экосистем, Бизнес ба бодлого” форумыг зохион байгуулах гэж байна. Энэхүү форумаар бизнесийн эрх зүйн орчин болон төрөөс баримталж буй бодлогыг бизнес эрхлэгчид, судлаачид, эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын оролцоотойгоор өргөн хүрээнд хэлэлцэх юм. Форумын бүртгэл нээлттэй явагдаж байгаа бөгөөд оролцогчдыг “Гэрэгэ” бодлогын хүрээлэнгээр дамжуулан бүртгэж байна.
“Гэрэгэ” бодлогын хүрээлэн нь бодлого боловсруулах явцад үр шим хүртэгсэд болон эрх ашиг нь хөндөгдөж буй иргэдийн дуу хоолойг тусгах, тэдний дунд хэлэлцүүлэг өрнүүлж бодлогын санал боловсруулах нь чухал гэж үздэг судалгааны байгууллага юм.
Энэ ч үүднээс Монголын иргэний нийгмийн төлөөлөлтэй тасралтгүй, байнгын холбоотой ажиллаж, бодлогын хэлэлцүүлгүүдийг тогтмол өрнүүлж ирсэн билээ. Уг форумаар дараах үндсэн дөрвөн асуудлыг онцлон хэлэлцэнэ. Үүнд, бизнесийн орчны бодлогод УИХ дахь Ардчилсан намын гишүүд болон бизнес эрхлэгчид өөрсдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлж, гарц шийдлийг хэлэлцэнэ. Мөн өмчийн эрх ба төрийн оролцооны талаар буюу 1990 онтой харьцуулахад их хэмжээний өмч дахин төрд төвлөрөөд буй асуудлыг хөндөнө. Төрийн өмчийн зохицуулалт, хувьчлалын бодлогыг хэлэлцэж, Монгол Улсад төрийн болон хувийн өмчийн алиных нь давамгайлал илүү ашигтай вэ гэдгийг тодорхойлно. Эрх зүйн тогтворгүй байдал нь төрийн тодорхойгүй бодлого, тогтворгүй эдийн засаг болон бизнесийн эрх зүйн орчинд үүсэж буй хууль зүйн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны...

Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг өргөмжлөв

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар...

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр...

96 мянган тонн нүүрс арилжив

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 5 дугаар сарын 11-ний...