Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр “Сэлбэ дэд төв” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Татвар төлөгчдийн мөнгө буюу нийслэл, орон нутгийн төсвөөр томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхгүй харин гадаадын зээл, тусламж болон бондоор санхүүжүүлэх зарчмыг Төсвийн тухай хууль, түүнтэй холбоотой эрх зүйн орчноор бүрдүүлсэн.
Гэвч Төсвийн тогтвортой байдлын тухайн хуулиар гадаадаас зээл авч төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн атал Төсвийн тогтвортой байдлаар хязгаарласан. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал нэг хувиас хэтрэхгүй байна гэх хязгаарлалт хийсэн. Тэр утгаараа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон Газрын тосны үйлдвэр, “Сэлбэ дэд төв” төслүүд гүйцэтгэл хийсэн ч зарцуулалт гаргаж чадахгүй байна. Төсөв ерөнхий хүрээндээ хумигдсан байдалтай байна. Уг төсөл эргээд ААН-үүдээр дамжуулан зардал буюу зээлээ төлөх боломжтой атал төсөв дээр нэг багцад оруулсан байсан.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай тэргүүтэй гишүүд хуулийн төсөл өргөн барьсан ч УИХ-аар хууль эцэслэгдэн батлагдахад гурван хүний саналаар унасан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Сэлбэ дэд төв” төслийг хасаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон нефт боловсруулах үйлдвэрийн асуудлыг яаралтай горимоор дахин өргөн барихаар болж байна.
“Сэлбэ дэд төв” төслийн хувьд өнөөдрийн байдлаар 35 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд оны төгсгөл гэхэд зарим энэ блокийг Улсын комисс хүлээн авах төлөвлөгөөтэй байна. Харин ирэх жилээс үлдсэн блокийг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа.
Монгол Улсын хэмжээнд анх удаа гэр хорооллын 160 га газрыг нэг жил хагасын хугацаанд чөлөөлж, төсөв босгож, орон сууцжуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөс урагш бүх талбайг ойрын гурван жилийн хугацаанд чөлөөлж, хувийн секторуудад шугам сүлжээ, дулаан хангамж, техникийн асуудлыг бүрэн шийдвэрлэн өгч барилгын компаниудад өгөхөөр ажиллаж байна.
“Сэлбэ төв”-ийн урд үзүүрээс урагшаа 32-ын тойрог хүртэл газар чөлөөлөлтийн ажлыг ирэх жил хүртэл хийж, сургууль, цэцэрлэг бусад зүйлсийг барих юм. Нөгөөтэйгүүр, “Баянхошуу дэд төв” төслийн хүрээнд ирэх зургаа, долдугаар саруудад 400-500 айлын байр ашиглалтад орно. Мөн Баянхошуунаас урагшаа Ханын материал орчмын гэр хорооллуудыг орон сууцжуулна.
Азийн хөгжлийн банктай хамтарч хийсэн судалгааны дагуу төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна.
“Сэлбэ дэд төв” төслийн хувьд ойрын хугацаанд байрны захилга авч эхэлнэ. Захилга авахдаа бусад мэдээлэл нь нэгдсэн байдлаар явагдана. Мөн борлуулалт хийгдсэн орлогыг авсан зээлээ буцаан төлж, нийгмийн үр өгөөжээ өгнө. Ингэснээр гэр хорооллыг орон сууцжуулж, гэр хороололд амьдарч байгаа иргэдийн амьдралын чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах юм.
“Сэлбэ дэд төв” төслийн хувьд зээлсэн мөнгө бол 500 сая доллар. Ойролцоогоор 2.5 их наяд төгрөгөөр орон сууц баригдана.
Энэхүү орон сууц нь 8660 гаруй айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд 4-5 га газрыг нь чөлөөлж барилгын компаниудад дараа төлөх нөхцөлөөр олгосон. Нийтдээ 10 гаруй мянган айлын орон сууц босно. Төслийн хүрээнд таван сургууль, 7-8 цэцэрлэг болон бусад үйлчилгээний төвүүд байхаас гадна ажлын байрыг хадгалсан бүтээн байгуулалт босно.
Зээл төлөлтийн тухайд 2028 оноос эхлэх бөгөөд өнөөдрийн байдлаар хадгаламжид 1.6 их төгрөгийг арилжааны банкуудад 16-17 хувийн хүүтэй хадгалсан байгаа. Одоогоор хүү төлөлт хэвийн явагдаж байна. Өнгөрсөн жилд хүүгийн ашгаас нийт 96 тэрбум төгрөгийн ашиг олж авсан.
Гэр хорооллыг орон сууцжуулалтанд хамруулахын тулд Сэлбэ, Шар хад, Дамбадаржаа, Толгойт зэрэг дэд төвүүдэд төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сантай хамтарч Баянхошуу дэд төвд 95-95-90 болон буцалтгүй тусламж 50 гэсэн төслийг хэрэгжүүлэхээр газар чөлөөлөлтийн ажлыг энэ жил эхлэх гэж байгаа. Тухайн төслүүдийг нийслэл удирдахгүй, Хөгжлийн банкны дэргэдэх байгууллага хариуцан ажиллана” гэлээ.

