Дусал цусаар нярайн 25–30 төрлийн бодисын солилцооны эмгэгийг илрүүлэх аппараттай боллоо

НҮБ-ын Хүүхдийн Сангаас нярай хүүхдийн эрт илрүүлгийн “Тандем масс спектрометри” дэвшилтэт технологийн аппаратыг Монголд анх удаа оруулж ирж, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд өнөөдөр хүлээлгэн өглөө. Монголд жил бүр 67,000 гаруй хүүхэд мэндэлдэг ч дэвшилтэт шинжилгээний багаж хэрэгслийн хүртээмж бага байдгаас олон мянган нярай эрсдэлд ордог. Сүүлийн 30 жилийн хугацаанд ойролцоогоор 900 хүүхэд оройтож оношлогдсоны улмаас урьдчилан сэргийлж болох насан туршийн хүндрэлд орсныг судалгаа харуулж байна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эх нялхсын эрүүл мэндэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, оношилгооны технологийг оруулж ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэнд маш их баярлалаа. Өвчнийг эрт үед нь оношлох явдал маш чухал байдаг. Хэчнээн үр дүнтэй болохыг эх нялхсын эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд маань аль 2010 оноос хойш судалж, ярьж, уг тоног төхөөрөмжийг авахыг хүсэж, нэвтрүүлэхэд манлайлан оролцсон. Та бүхэнд бас талархлаа илэрхийлье. Олон олон монгол хүүхдүүд эхээс төрөөд ямар өвчтэй гэдгээ мэдэхгүй, бодисын солилцооны алдагдал үүсэж, хөгжлийн доройтолд орох, хүндрэх, онош нь тодорхойгүй явсаар эрчимтэд хэвтэх тохиолдол энэ өдрөөс хойш байхгүй болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцгойлон хэлье”
“Тандем масс спектрометри” хэмээх энэ технологи нь дөнгөж төрсөн хүүхдээс нэг дусал цус авч, 25–30 төрлийн бодисын солилцооны эмгэгийг илрүүлэх өндөр нарийвчлалтай юм. Эдгээр эмгэгүүдийг эрт илрүүлэн оношилсноор эмчилгээг  бүрэн хийж , хүүхдийг ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад амь насаа алдахаас сэргийлэх боломжтой юм.

Тус төхөөрөмжийг худалдан авахад шаардлагатай 1,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн эрүүл мэнд, хөгжлийн Элч Н.Цэлмүүний санаачилгаар зохион байгуулсан хандивын Гала арга хэмжээний үеэр босгожээ. Нийт 27 компаниас өргөсөн хандивын ачаар энэхүү эрт илрүүлгийн төхөөрөмжийг оруулж ирэх боломж ийн бүрдэв.
“Монгол Улсад эх, нярай, хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг сайжруулах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн Сангаас тасралтгүй хэрэгжүүлж буй олон ажлуудын нэг хэсэг нь энэ оношилгооны төхөөрөмж юм.
Нярайн оношилгооны хувьд шинэ үе эхэлж байна гэж хэлж болно.  Мөн хувийн хэвшлүүд хүчээ нэгтгэж чадвал хүүхдийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулах боломжтойг харуулсан сайн жишиг боллоо” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцлов.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...