Намар хүйтний эрч чангарахтай зэрэгцэн нэмэгддэг өвчлөл бол томуу, томуу төст өвчин. Томуугийн өвчлөл арванхоёрдугаар сарын дунд гэхэд оргил үедээ хүрч, улсын эмнэлгүүд хүүхэд багачуудын хөлд дарагдсаар ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрдэг байна. Иймээс томуугийн вакцинжуулалтыг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр төлөвлөсөн байна
Энэ жил зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах зорилгоор 300 мянган хүн тун вакциныг татан авсан бөгөөд ХӨСҮТ хүлээн авсны дараа сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилан хүргүүлж, улмаар тус газрууд зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг дараалалтай.
Зорилтот буюу томуугийн өвчлөлд өртөмтгий, эрсдэлт бүлэгт тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65 болон түүнээс дээш насны ахмад, архаг, суурь өвчтэй хүмүүс, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багтдаг.
Өнгөрсөн жил мөн ийм хэмжээний хүн тун вакцин татан авч зорилтот бүлгийн хүн амынхаа 95 хувийг вакцинжуулсан байна. Харин энэ жилийн тухайд, татан авч, буй нийт вакциныхаа 45 орчим хувийг өвчлөлд өртөмтгий буюу тав хүртэлх насны хүүхдүүдийг дархлаажуулахад зарцуулахаар төлөвлөжээ.
Ер нь хүйтэн сэрүүний бүс дэх хүмүүс жилд 4-6 удаа томуугийн халдварт өртдөг бөгөөд энэ нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, хүндрэх эсэх нь тухайн хүний бие физиологийн онцлогоос шалтгаалдаг байна. Олон улсын болон дотоодын судалгаагаар вакцин хийлгэсэн хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвдсөн ч хүндэрч эрчимтэт орох магадлал 40-50 хувиар бага, мөн жирэмсэн ээж вакцин хийлгэснээр өөрийгөө хамгаалахаас гадна хүүхэд нь төрсний дараа зургаан сар хүртэлх хугацаанд томуугийн халдвараас сэргийлдэг болохыг тогтоожээ. Мөн жирэмсэн байхдаа вакцин хийлгэсэн болон хийлгээгүй эхээс төрсөн хүүхдээс эмнэлэгт хэвтэх эрсдэл нь тав дахин бага гэсэн судалгааны үр дүн гарчээ.

