Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс” чуулган боллоо

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval), Монголын үнэлгээний холбоотой хамтран “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс” тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Үндэсний чуулганд Монгол Улсын Их Хурлын тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, яамд, Засгийн газрын агентлаг, 21 аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, улсын төсөвт үйлдвэрийн газар, олон улсын байгууллага, их, дээд сургууль, төрийн өмчит компани зэрэг судалгаанд хамрагдсан төрийн болон төрийн бус байгууллагын 400 гаруй төлөөлөл оролцов.

Чуулганыг Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Германы Хөгжлийн үнэлгээний байгууллагын дэд захирал Свен Хартен, “Монголын үнэлгээний холбоо” НҮТББ-ын ТУЗ-ийн дарга Г.Ууганцэцэг нар нээж үг хэлсэн ба “Үндэсний үнэлгээний тогтолцоо, “Монгол Улсын үнэлгээний чадавхын индекс тогтоох үнэлгээний үр дүн”, “Монгол Улсын үнэлгээний чадавхын индекс тогтоох үнэлгээний зөвлөмж” үндсэн сэдвийн хүрээнд танилцуулга илтгэлийг хийлээ.

Германы Хөгжлийн үнэлгээний байгууллагын үнэлгээний багийн ахлагч Сара Дезири Клэйр үндэсний үнэлгээний тогтолцооны асуудлыг үндсэн 5 хэмжээсийн хүрээнд Коста-Рика улсын туршлагад тулгуурлан танилцуулж, мэдээлэл өгсөн бол Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс” тогтоох үнэлгээний үр дүнг танилцууллаа.

Бодлогын үнэлгээний чадавхын индексийг тогтолцооны бүтэц, үнэлгээний ажил үйлчилгээ, үнэлгээний чанар, олон талт оролцогчдын орон зай, оролцоо, үнэлгээний хэрэглээ зэрэг ерөнхий үзүүлэлтийн хүрээнд тодорхойлж үнэлсэн бөгөөд нийт 10 хүртэлх утгаар хэмжсэн Монгол Улсын чадавхын индекс 4.4 гарсан байна. Үнэлгээний ерөнхий дүнгээс авч үзвэл, хамгийн өндөр нь үнэлгээний хэрэглээ 5.17, хамгийн бага нь үнэлгээний ажил, үйлчилгээ 3.73 гарсан байна. Индексийн үр дүнг үнэлгээнд оролцогч 3 талын төрлөөр авч үзвэл удирдах байгууллагууд 3.48, бусад оролцогчид 4.42 гэж үзсэн бол гадна талын оролцогчид 5.19 гэж үзсэн байна.

Үнэлгээний чадавхын индексийн үнэлгээний дунд тулгуурлан Монгол Улсын үнэлгээний тогтолцоог сайжруулах үндсэн зөвлөмжийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хөгжлийн үнэлгээний институтийн үнэлгээчин хатагтай Сабине Пальмройтер танилцуулж, Монгол Улс бодлогын үнэлгээний чадавхын хувьд давуу тал дээрээ суурилан хөгжих, үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх, бие биеэсээ суралцах, бодлого, эрх зүйн орчин бэхжүүлэх, үнэлгээний ажил ба мэргэжлийн чадавхид хөрөнгө оруулах, үнэлгээний чанар, нэр хүндийг сайжруулах, бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад үнэлгээг ашиглах талаар тодорхой асуудлуудыг зөвлөмж болгов.

Үнэлгээний чадавхын индексийн үр дүнг хуваалцсаны дараа оролцогчдоос индексийн судалгааны зохион байгуулалт, хамрагдсан байгууллагууд, үр дүнд үндэслэн цаашид төлөвлөж буй ажилтай холбоотой асуулт асууж, хариулт авсны зэрэгцээ үнэлгээний ерөнхий үр дүнтэй санал нийлж буйгаа илэрхийлэв. Тухайлбал, хамгийн бага оноотой гарсан олон талт оролцогчдын орон зайг хэрхэн хангах, үнэлгээний чиглэлээр ахисан шатны сургалт, мэргэших боломж, хувийн секторыг оролцуулсан эсэх, хурдан хугацаанд хийж гүйцэтгэж амжуулсны давуу болон сул тал, бусад улсын туршлага гэх зэрэг асуултыг оролцогчдоос тавьсан байна.

Улсын үнэлгээний чадавхын индекс (INCE) нь тухайн улсын бодлогын үнэлгээний чадавхид үнэлгээ хийж, үнэлгээний чадавхыг сайжруулахад чиглэсэн нотолгоонд суурилсан зөвлөмж өгч, тухайн улсын үнэлгээний чадавхын хөгжилд хийгдсэн дэвшил болон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход тусалдаг бөгөөд Монгол Улсад үнэлгээний чадавхын индексийн үнэлгээ хийгдсэнээр хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын өнөөгийн суурь түвшинг тодорхойлогдож, улмаар түүнд үндэслэн үнэлгээний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын байгууллага болон үнэлгээ хөгжсөн улс орнуудтай хамтран ажиллаж, тэдний сайн туршлагаас суралцаж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний арга зүй, аргачлалыг нэвтрүүлэх, үнэлгээний мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр сургалт, зөвлөмж авах боломж бүрдэнэ.

Бодлогын үнэлгээний чадавхыг бэхжүүлж, хөгжлийн бодлогын үнэлгээг амжилттэй нэвтрүүлж хэрэгжүүлснээр хөгжлийн бодлогын төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд чухал түлхэц болохын зэрэгцээ хөгжлийн бодлогын үр дүн, үр нөлөөг сайжруулж, Монгол Улсын хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулах болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төсөл гараанаас гарлаа

Өнөөдөр мөн нээлтээ хийж буй Гашуунсухайт боомтын өргөтгөл, шинэчлэлийн...

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалт эхэллээ

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955...

Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалт Германд болж байна

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын...

Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийн үр дүнг танилцуулах чуулга уулзалт болно

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Холбооны Бүгд...