Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Ухаа худаг” ордыг хувийн хэвшилд олгосон Засгийн газрын шийдвэрт дүн шинжилгээ хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсан байна.
Vайд О.Алтангэрэл: Ерөнхий сайдын 2025 оны 32-р захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Засгийн газраас холбогдох шийдвэрийн төслийг үндэслэн УИХ-д тогтоолын төсөл байдлаар уламжлахаар боллоо.
Ажлын хэсгээс Монгол Улсын Засгийн газрын төлөөлж Үйлдвэр худалдааны сайд “Энержи ресурс” компанитай гарын үсэг зурсан 2008 оны гуравдугаар сарын 21-ны өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ гэх баримт бичиг нь хууль бус, зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” компанитай гэрээ байгуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ. Энэ асуудлаар УИХ 2007 онд тогтоол гаргаж, Тавантолгой орд газар, тэр дундаа “Энержи Ресурс” компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбай нь стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулчихаад байхад энэ ордын талаар гэрээ хийгээд хэн нэгэн этгээдэд шууд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдад байгаагүй байна. Мөн тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үзэхэд, энэ асуудлыг судална, эргэж танилцуулахыг Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан Х.Наранхүүд, мөн асуудлыг эргэн шийдвэрлүүлэхийг тухайн үеийн Ерөнхий сайдад УИХ-аас даалгаж шийдвэрлүүлсэн байхад энэ бүх процессыг зөрчсөн шийдвэр гарчээ. Тэгэхээр Ухаа худаг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод авах 2007 оны УИХ-ын тогтоол биелээгүй, өдийг хүртэл зөрчигдөж явсан байна гэсэн дүгнэлтийг Засгийн газарт танилцууллаа.
Тэр байтугай шалгах ёстой нөхцөл байдал тодорч байна. Анх энэ ордын лицензийг албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, өөр дээрээ авсан байж болзошгүй хүний асуудал, өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй зэрэг тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар цааш шийдвэрлүүлэх нь зүйтэй. Харин Ухаа худаг орд газартай холбоотой яригдаж байгаа асуудлаар Засгийн газраас УИХ-д тогтоолын төсөл өргөн барьж, уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж шийдэрлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын шийдвэрлэлээ.