Хэнтийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд 2015 оны Улсын баяр наадамд түрүүлж улсын арслан цол хүртсэн. 2019 онд хоёр дахь удаа түрүүлж улсын аварга цолонд хүрсэн ч, допингийн шинжилгээнд бүдэрч аварга цолоо хураалгасан. Түүний допинг хэрэглэсэн гэх асуудал удаа дараа яригдаж тэрээр Монголын Үндэсний бөхийн холбооноос тодорхой хугацаагаар барилдах эрхээ хасуулж ирсэн.
Хамгийн сүүлд эцэслэсэн шийдвэр нь өнгөрсөн 2024 оны 7 дугаар сарын 9-нд гарсан. МҮБХ-ны Тэргүүлэгчдийн энэ өдрийн хуралдаанаас Э.Оюунболдын барилдах эрхийг хассан хугацааг 2.4 жил болгон шинэчлэн тогтоож, тэгэхдээ шийтгэлийн хугацааг 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс тооцохоор шийдвэрлэсэн.
Хорин насандаа 2013 онд Улсын баяр наадамд 6 давж улсын харцага, 22 насандаа Улсын баяр наадамд 9 даван түрүүлж арслан болж байсан тэрээр ид хавтай 32 настайдаа Монгол бөхийн зүлэг ногоон талбайд эргэн ирж Улсын баяр наадамдаа зодоглох нь ээ.
Улсын арслан Э.Оюунболд нь допингийн шийтгэлээс болж 2020, 2022, 2023, 2024 оны Улсын баяр наадамд барилдах эрхгүй байсан. 2021 онд ковидын цар тахлаас болж Улсын баяр наадам болоогүйг харгалзвал дөрвөн удаагийн наадмыг өнжжээ.