Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг “Орано майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн танилцуулга, стратегийн төрийн эзэмшлийн ордын 34 хувийг АМНАТ-аар орлуулах УИХ-ын тогтоолын төсөл, Үндэсний баялгийн сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. “Орано майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан УИХ-д байдаг онцгой бүрэн эрх, тусгай АМНАТ-аар төрийн эзэмшлийн 34 хувийг орлуулах хувь хэмжээг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6.2 заалтад газрын хэвлийн баялгийн дийлэнхийг ард түмэн эзэмших буюу 50+1 байх заалтын дагуу Үндэсний баялгийн сангийн хуульд байгалийн баялгаас иргэдийн хуримтлалын дансанд ордог байх зохицуулалтыг тусгаж өгч байна. И-Монголиа системээр нэвтэрч харах боломжтой хуримтлалын 135 мянган төгрөг бол таны хуримтлал. Энэ хуримтлалыг боловсрол, эрүүл мэнд, орон сууцад зарцуулна. Энэ мөнгийг нэмэгдүүлэхийн тулд энэ төслүүд урагшилж байх ёстой.
“Орано майнинг” компанитай холбоотой гэрээний талаар өмнө нь мэдээллийг өгч байсан. Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, баталсан. Тэгэхээр ураны зах зээлийн чиг хандлага 2024-2050 онд дэлхий дахинаа өсч байна. Дэлхий дээр эрэлт тогтмол нэмэгдэж байна. Ураны үнэ ч өссөн.
Газрын доор уусган олборлох технологийн дагуу байгаль орчинд ээлтэй, зардал багатай технологийг ашиглана. Энэ төсөл геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой. Оюутолгойгоос хойш гуравдагч хөрштэй хийж буй хөрөнгө оруулалтын том гэрээ байна. Цаашлаад Парисын хэлэлцээрийн хүлэмжийн хийг бууруулах үүргээ биелүүлэх, цөмийн эрчим хүч ашиглах, атомын цахилгаан станцтай болох олон ажлын суурь болно. Хөрөнгө оруулалтын гэрээ 27 жилийн дараа бодит ажил болж, УИХ-д өргөн мэдүүлж байна.
Бид төсвийн орлогыг 4.4 тэрбум ам.доллар, улсын төсөвт 75 сая ам.доллар, орон нутагт 29 сая ам.доллар, Ирээдүйн өв санд 36 сая ам.доллар, Хуримтлалын санд 593 сая ам.доллар байхаар тооцсон.
Мөн тухайн жилийн орлого нь 51 хувь хүрээгүй бол хөрөнгө оруулагч талаас нэмэлт тохируулгыг хийж, энэ хувьд заавал хүргэнэ. Үлдэгдэл өгөөжийн нэмэлт тохируулгыг хийх юм. Гэрээний танилцуулгыг ҮАБЗ-д хийсэн. Цөмийн энергийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгосон. Тусгай АМНАТ-ын босгыг байхгүй болгож, өсөн нэмэгдэх АМНАТ-ыг гэрээндээ тусгаж өгсөн. Цөмийн энергийн хууль батлагдсантай холбоотойгоор гэрээ энэ хуулиа эшлээд явна. Засгийн газрын хуримтлагдсан үр өгөөж, хөрөнгө оруулагчийн хуримтлалын үр өгөөжийг нэмээд, хөрөнгө оруулагчийн олгосон санхүүжилтийг хасвал 51 хувьд хүрч байх ёстой. Илт ойлгомжтой байж, бид санхүүгийн схемээ хийж, үүний дагуу гэрээгээ боловсруулсан. Бид гэрээг өөрсдийн үндсэн зарчим дээрээ хийсэн.
Хөрөнгө оруулагч талаас зөвхөн саналаа нэмсэн. Засгийн газарт 15 татвар, төлбөр, хураамжийг өгөөж гэж үзэх шаардлагыг тавьсан.
Ажил олгогчийн нийгмийн даатгал бас үр өгөөжид тооцоогүй. Ус ашигласны төлбөр өгөөж гэж үзэж болохгүй. Гаалийн албан татвар үр өгөөжид тооцоогүй. Шинэ технологи, маркетингийн төлбөрийг хөрөнгө оруулагч талын үр өгөөж гэж үзэж байгаа. Төслийн нийт үр өгөөжийн хувьд, АМНАТ, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, давуу эрхийн ногдол ашиг буюу ямар ч хариуцлага хүлээхгүй ч ТУЗ-д хориг тавих эрхтэй, Ногдол ашгийн суутган татвар, тогтвортой хөгжлийн арга хэмжээ, дэмжлэгүүд, Гаалийн татвар, тусгай зөвшөөрлийн татвар зэрэг 13 үг өгөөж багтана.
Нөгөө талаас 27 татвар тогтворжуулах санал тавьсан ч бид дөрвөн татварыг тогтворжуулахаар тохирсон. Үүнд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, Гаалийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны татвар. АМНАТ-д инфляци тооцно гэдгийг хэлэлцэж, суурь үнийг тооцохдоо бүтээгдэхүүний борлуулалтын үнээс хасагдвал инфляци тооцохгүй гэж баталгаажуулсан. Мөн 2015 онд уул уурхайн бүтээгдэхүүний жагсаалт баталж, үүнийг эцсийн бүтээгдэхүүн гэж үзсэн байхад шар нунтагийг эцсийн бүтээгдэхүүн гэж жагсаалтад оруулсан байдаг. Тийм учраас НӨАТ-ын буцаан олголт яригдаж, тэглэх асуудал ярьж буй.
Энэ хөрөнгө оруулалтын гэрээнд татварын орчинтой холбоотойгоор Засгийн газар хэрвээ энэ эцсийн бүтээгдэхүүн биш гэж шийдвэрлэх боломж бүрдүүлсэн. Өнгөрсөн 20 жил Засгийн газрын шийдвэрээр гарсан жагсаалтаар НӨАТ-ын буцаан олголтын асуудал яригдаад байгаа.
Усны нөөц, байгаль орчин, цацраг идэвхит хог хаягдлын менежментийг хэрэгжүүлнэ. Уурхай нь нөхөн сэргээх ажлын мөнгийг дундын дансанд байршуулна. Гурван жил тутамд байгаль орчны аудитыг хийлгэж, нөхөн сэргэлтийн төлөвлөгөөг таван жил тутамд хийнэ. Хөрөнгө оруулагч тал аймаг, сумын Засаг дарга нартай гурван талт гэрээ байгуулна. Бүтээн байгуулалт буюу 2028 он хүртэл тухайн сум, орон нутагт жил бүр 300 мянган ам.доллар, ашиглалтын үе шатанд жил бүр нэг сая ам.доллар, ашиглалтын үе шат дууссанаас хойш 10 жилд жил бүр 1.1 сая ам.долларыг олгоно.
Уурхай олборлолтын үед нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь монгол иргэн байна. Гадаад ажилтны тоо бага байна. Монгол ажилчдын таваас дээш хувь нь тухайн сумын иргэн байна. Туслан гүйцэтгэгчийн 60 хувиас доошгүй нь монгол компани байна. Бүх бүтээн байгуулалт төслийн дараа орон нутагт шилжинэ. Цөмийн энергийн хуулиар 20 жилээр гэрээ байгуулахаар болсон. Татвартай холбоотой маргаан үүсвэл арбитрт хандахгүйгээр дотоодын шүүхээр шийдвэрлэнэ. Энэ гэрээ Баялгийн санг амь оруулахад нөлөөлнө. Өнгөрсөн хугацаанд 480 орчим тэрбум төгрөгийн хуримтлалыг уул уурхайн хэдхэн компани бий болгосон. Баялгийн сан гурван сантай. Хуримтлалын сан дахь мөнгө нэмэгдэж, иргэд эрүүл мэндийн үйлчилгээ, ипотекийн зээлд хамрагдаж чадна. Ураны уурхай 2028 оноос ашиглалтад ороод ирэхээр иргэн бүр ашгийг нь харах боломжтой болно. Бид ашигтай ашиггүйгээс хамаарч 10 хувийн ногдол ашгаа авна. Энэ 10 хувь дээр огт хариуцлага хүлээхгүй. Энэ ордоо үнэлүүлж, тодорхой болгон жишиг гэрээ байгуулсан. Монгол Улсын ард иргэд газрын хэвлийн баялгаа ашиглах Үндсэн хуулийн заалтыг хангуулахыг зорьсон. Олон хүний эрх ашиг хөндөгдөнө. Гэхдээ хамтарсан Засгийн газар том төслүүдээ хөдөлгөж, улсын эдийн засгаа тэлэх ёстой.