Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн нөлөөт толинд 16-20 жил гацсан төслүүдийг хамтарсан Засгийн газар урагшлууллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудалтай холбоотойгоор олон нийтэд мэдээлэл өглөө. Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Засгийн газар хуралдлаа. Гурван зорилготой хуралдсан гэж ойлгож болно.
Нэгдүгээрт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байна. Сайд нарт өгсөн албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн.
Хоёрдугаарт. Арванхоёрдугаар сарын 20-ноор тасалбар болгож, оны эцсийн эдийн засгийн үзүүлэлтүүдийн урьдчилсан байдлыг хэлэлцсэн.
Гуравдугаарт. Нийслэлийн агаарын бохирдлын талаар Үндэсний хороо болон Нийслэлийн дүгнэлт, шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан.

Хэлэлцэж шийдвэрлэсэн зарим асуудлуудыг тоймлон мэдээлье.
-Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт таван хувь, валютын нөөц 4.9 тэрбум, оны эцсээр таван тэрбум ам.долларт хүрэх эерэг хүлээлттэй байна.
-Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч байна.
-Экспорт 15.7 тэрбум ам.долларт, үүн дотор нүүрсний экспорт 81.8 сая тонн буюу түүхэн дээд амжилтад хүрээд байна.
Энэ үзүүлэлтүүдийг арванхоёрдугаар сарын 20-нд буюу өнөөдөр хэлэлцсэн шалтгаан бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж хэрэгжээд анхны мөнгөжсөн үр дүнг харах хамгийн наад талын боломжит хугацаа байсан. Та бүхэн санаж байгаа, Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд тухайн үед буюу Үндсэн хуульд тогтолцооны өөрчлөлт оруулсны дараа 2024 оны нэгдүгээр сарын 31-нд санамж бичигт гарын үсэг зурж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан. Энэ хууль хэрэгжиж эхлээд анхны үр дүн өнөөдөр гарч байна.
Олон улсын баялгийн сангийн жишгээр Үндэсний Баялгийн санг өөдлөн дэвжих бэлгэдлийг бодож, Их хааныхаа нэрээр нэрлэх болно. Олон улсад энэ сан “CHINGGIS FUND” нэршлээр танигдана гэсэн үг юм.

Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байна.
Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг буюу Монгол иргэдийн нэрийн ХАДГАЛАМЖ-д иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж, И-Монголоор дамжин өнөөдөр нээлттэй болж байна. Хадгаламж баялагтай хэрхэн уялдаж байгааг иргэн бүр харах боломж бүрдлээ. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад тус хадгаламжийг бэлэн бусаар ашиглах боломжтой болж байна гэсэн үг. 2025 он гараад иргэн Та хүсвэл Хадгаламжийн нэрийн картаа авч болно. Баялаг ашиглагдах тусам хуримтлал нэмэгдэнэ. Үндэсний баялгийн 34 хувь ба түүнд ногдох АМНАТ-ын орлогоос хуримтлал үүсэж, иргэдийн хуримтлал арвижна.

Шинэ мега төслүүд хэрэгжих тусам иргэдийн хуримтлал нэмэгдэх эрх зүйн зохицуулалт юм. Засгийн газрын 14 мега төсөл бүрэн хэрэгжсэнээр 2030 онд Хуримтлалын сан 18 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэж үзсэн. Хөгжлийн санд урьдчилсан байдлаар нэг их наяд төгрөгийн 50 хувь нь буюу 500 тэрбум төгрөг төвлөрөх боломж бүрдэж байна. Хөгжлийн банк ЭКСИМ БАНК болсон. Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын төслийн зээлийн хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Эрчим хүчний томоохон төслүүдэд хамтарч ажиллахаа булангийн орнууд, баялгийн сангууд илэрхийлээд байна. Мөн өнөөдөр Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийг байгуулах шийдвэр гаргалаа.

Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Бадрах Энержи” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногийн лхагва гаригт Улсын Их Хуралд өргөн барихаар тогтлоо. Урьд нь улс төрийн нөлөөт толинд 16-20 жил гацсан тус төслүүд хөдөлж байгаа нь хамтарсан Засгийн газрын хамгийн чухал үзүүлэлт юм. Том төслүүд хөдлөх дөхөхөөр эрх ашиг нь зөрчигдсөн олон хүмүүс үймдэг. Энэ асуудлуудыг удахгүй Улсын Их Хуралд нээлттэй ярилцах цаг дөхөж байна.

Эрдэнэт 49 хувь, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт, Эрдэнэс Тавантолгой тойрсон нүүрс болон төмөр замын асуудал бүгд л шийдвэрлэгдэх үед олон нийтийг үймүүлж өөр зүйлд анхаарал хандуулах гэсэн оролдлого, дайралт идэвхжиж байсан. Гашуунсухайт-Ганцмод төсөл гацсан шалтгаан ч бас ийм ашиг сонирхолтой холбоотой байсан. Гэхдээ олон нийт маш хэрсүү байж, шударга ёсны төлөөх жингийн цуваа явсаар л байна. Цаашид ч явсаар байх болно. Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их төгрөгийн ашигтай ажиллаж байна. Ногдол ашиг нь дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Эхний ээлжинд иргэн бүрд 135.000 төгрөг олгогдоно.

Агаарын бохирдлын асуудлаар мөн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаар хөрсний бохирдол бол олон шалтгааны үр дагавар юм. Бид асуудалд илүү углуургаар нь цогцоор нь хандах ёстой. Тиймээс ч Нийслэл Улаанбаатар хот цогц байдлаар асуудлаа шийдвэрлэх санхүү, хүний нөөц, эрх зүйн чадамжтай байх учиртай. Улсын Их Хурал, Засгийн газар шаардлагатай бүх улс төрийн дэмжлэгийг нийслэлд үзүүлэх учиртай. Агаар хөрсний бохирдол, эрчим хүчний дутагдлыг бүх нийтийн үйлс болохыг дэмжих зорилгоор өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын нэг хувийн татварын хөнгөлөлтийн 2024 оны IV улирлын дүн болон 2025 оны татварын хөнгөлөлтийг зөвхөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулахаар шийдвэрлэж байна.

Нийслэлд тулгамдсан суурь асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тусгай эрхзүйн орчин шаардлагатай бөгөөд Улсын Их Хуралд яаралтай горимоор энэ асуудлыг танилцуулах нь зүйтэй гэж үзлээ. Нийт иргэн, аж ахуйн нэгжүүддээ энэхүү үйлсэд Засгийн газартай хамтран ажиллахыг уриалж байна. Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих хуулийн төсөл, “Хүннү” ухаалаг дагуул хотыг Хөшигийн хөндийд байгуулах тогтоолын төсөл болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төслүүд, Туулын хурдны замын явц, Нийслэлийн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баялгийн хуваарилалт 30 гэр бүлээс гурван сая монгол руу…

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 7 хоногт олон нийтэд хандаж...

Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх...

Инфляцтай уялдуулж тэтгэврийг зургаан хувиар нэмлээ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн...

“Яндангүй бүс” байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд...